Л.Раднаасүрэн: Шатахууны үнийг нэмэхгүй байх талаар зөвлөж байгаа
2014-03-28

Шатахуун экспортлогчид ирэх сараас нефтийн хилийн үнийг нэмэх талаар дуулгаад буй. Тэгвэл энэ нь шатахууны жижиглэнгийн үнэнд нөлөөлөх эсэх талаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодруулахад “Ирэх дүгээр сарын 1 гэхэд үнэ эцсийн байдлаар тодорхой болно. Гэхдээ хилийн үнэ өмнөхөөсөө буурахгүй, бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Мөн өнгөрсөн сартай харьцуулахад ам.долларын ханш 50 төгрөгөөр нэмэгдчихлээ. Энэ нь шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр өсөх нөхцөл бүрдүүлж байна” гэлээ.

6

Мөн тэрбээр “Уул уурхайн яам, Монголбанк хамтран шатахуун импортлогч томоохон компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор үнийг нэмэхгүй байх талаар зөвлөж байгаа. Хэдийгээр үнэ өсөх нөхцөл бүрдсэн ч төрөөс энэ талаар арга хэмжээ авна” гэсэн юм.

6

Түүнчлэн энэ долоо хоногийн лхагва гарагт болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуягаас энэ талаар тодруулахад “Зах зээлийн журмаараа явна. Шатахууны үнэнд валютын ханшийн өсөлт хүндрэл учруулж байна” гэсэн юм.

5

Харин томоохон импортлогч компаниудаас энэ талаар тодруулахад “Петровис” компанийн маркетингийн менежер н.Батбаяр “Одоохондоо хэлж мэдэхгүй байна. Газрын тосны газраас одоогоор бидэнтэй ярьсан зүйл алга байна” гэсэн хариу өглөө. Харин “Сод Монгол” компанийн хэвлэл мэдээллийн ажилтан О.Эрдэнэтуяа “Роснефьтээс 4 дүгээр сарын дундуур зуны түлш нийлүүлж эхэлнэ. Одоогоор бидэнд үнийн талаарх мэдээллээ ирүүлээгүй байгаа тул шатахууны жижиглэнгийн үнэ тэдэн төгрөгөөр буурна, өснө гэж хэлж мэдэхгүй байна” гэлээ.

6

Энэ сарын 25-ны өдрийн байдлаар манай улс  дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс , А-80 автобензин 39, Аи-92 автобензин 42, дизелийн түлш 43, ТС-1 16 хоногийн нөөцтэй байна.

5

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин