Хүн аалз иргэдийг санал өгөхийг уриалав
2014-04-08

Энэтхэгийн Мумбай хотын хүн аалз хэмээн нэрлэгддэг Нарим Нарсайн ханаар авирч, айл болгоны цонхыг тогшин иргэдээ парламентын сонгуульд идэвхитэй оролцоорой хэмээн уриалсан тухай “Yahoo.com” мэдээллээ. Олон хүн түүний энэхүү эрсдэлтэй алхам хийж буйд санаа зовж санал өгөх нь ихэссэн тухай Мумбай хотын сонгуулийн ерөнхий газраас мэдэгдэж, түүнийг “хотын сайн иргэн” цолоор шагнахаа мэдэгджээ. Эх сурвалж “Хүн аалз ойролцоогоор 250 гаруй хүнийг саналаа өгөхийг уриалсан” гэж мэдэгджээ.

Нарим Нарсайн 2005 оноос эхлэн “Spiderman” киноны гол дүр шиг болохыг тулд уйгагүй хичээллэжээ. 2013 оны нэгдүгээр сард тэрбээр 27 давхар орон сууцны ханаар ямар ч хамгаалалтгүй авирч чадсанаар Энэтхэг даяар алдаршсан аж.

Энэтхэгт 814 сая сонгогч оролцсон дэлхийн хамгийн нүсэр санал хураалт өчигдрөөс эхэлсэн. Энэ удаагийн сонгууль есөн үе шаттай явагдах бөгөөд парламентын сонгууль ирэх сарын 12-нд дуусч эцсийн дүнгээ гаргах юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин