Б.Сангидорж: 40-өөс доош насныхан харшлын эсрэг тариа хийлгэвэл үргүй болох аюултай
2014-04-14

Дулааны улирал эхэлсэнтэй зэрэгцэн шарилж, тоосжилтоос үүдэлтэй харшил ид хөдөлж эхэлдэг байна. Арьсны өвчин судлалын үндэсний төвд жилд дунджаар 68 мянга гаруй хүн ханддаг байна. Үүний 35-45 хувь нь ургамлын тоосжилтын харшилтай байдаг аж. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил суд­лалын лабораторийн эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сангидоржтой ярилцлаа.

1

-Харшилтай хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Ер нь харшил юунаас болж үүсдэг юм бэ. Дархлаа суларснаас болж үүсдэг гэж сонссон?

-Сүүлийн жилүүдэд хүн амын дунд ихээхэн тархаж байгаа өвчлөлийн нэг бол харшил. Хүмүүсийн дунд харшил хаврын цагт их хөдөлдөг гэсэн ташаа ойлголт байдаг. Ер нь бол хүний дархлаа суларснаас болж харшил үүсэх тал бий. Гэхдээ энэ өвчлөлийг зөвхөн дархлаа суларсантай холбон тайлбарлаж болохгүй л дээ. Олон шалтгааны улмаас үүсдэг. Үүслийнх нь хувьд халдварын ба халдварын бус гаралтай гэж ангилдаг. Эмийн, хоолны, ахуйн тоосны, ургамлын тоосны, химийн бодисын зэрэг харшил нь халдварын бус гаралтайд багтдаг. Харин нян мөөгөнцөрийн шалтгаант, вирусын шалтгаант харшил нь халдварын гаралтайд тооцогддог. Тэгэхээр харшил бол зөвхөн хавар үүсдэг улирлын чанартай өвчин гэж ойлгож болохгүй. Юунаас болж байгаагаасаа шалтгаалаад харилцан адилгүй.

1

-Тэгэхээр харшлын үед дархлааны эм бэлдмэл хэрэглэж болох уу. Зарим эмч нар дархлаа сайжруулахаасаа илүүтэй харшлыг улам архагшуулдаг учраас хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг юм билээ?

-Мэдээж эмний харшилгүй л бол хэрэглэж болно. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Ер нь аливаа зүйлийн тунг хэтрүүлвэл эм биш хор болдог шүү дээ.

1

-Иргэдийн дийлэнх нь ургамлын тоосноос үүдэлтэй харшил тусч байна. Энэ төрлийн харшлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ? 

-Сүүлийн жилүүдэд манай хүн амын дунд янз бүрийн шалтгаан нөхцөлөөр харшил өвчний тохиолдол нэмэгдэж байна. Улирлын чанартай харшлаар өвдөх тохиолдол их байна.  Хавраас намар хүртэл эмнэлэгт хандаж байгаа хүн ихэсдэг. Халдварын бус гаралтай харшлын дунд ургамлын цэцгийн тоосноос үүдэлтэй харшил харьцангуй их байгаа юм. Энэ нь хавар ургамал цэцэглэхээс эхлээд намар хагдарч дуусах хүртэл үргэлжилдэг улирлын чанартай өвчлөл. Үүсгэж байгаа ургамлууд нь бас харилцан адилгүй. Тухайн нутаг орны ургамалжилтын байдал, цаг уурын онцлог, хүн амын суурьшил, хотжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж харшил үүсгэгч ургамлууд харилцан адилгүй тархалттай байдаг. Хог ургамлын харшлаас сэргийлэх хамгийн сайн арга бол хог ургамлыг хадаж устгах, тарьсан мод бутаа зэрлэгшүүлэхгүйгээр усалдаг байх юм. Мөн хогийн ургамал нь өглөөний 4-9, оройн 17-22 цагт тоосоо гөвдөг. Энэ үеэр харшилтай хүмүүс салхивчаа хааж, гадагшаа гарахгүй байх хэрэгтэй. Мөн тухайн ургамлын тоосноос сэргийлэх, харшлаас өөрсдийгөө хамгаалах бас нэг арга бол тарилга хийлгэх юм.

1

-Харшил нэмэгдэж байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?

-Манай улсын төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд харшлын өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ нь байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Өнөөдөр харшлын эмч нарын ачаалал эрс нэмэгдсэн. Эмч нар хэт их ачаалалтай байгаагаас өвчтнүүд маргааш, нөгөөдрийн оочер, дугаар авч бүр зарим нь арав гаруй хоногийн дараа ирэх хэрэгтэй болж байна. Тэдгээр хүмүүс дунд  яаралтай оноштой хүн байвал яах вэ гэдэг хүндрэл ч гарч байна. Нөгөө талаас эмч мэргэжилтнүүд дутагдалтай байгаа. Тийм учраас ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудал асар чухал болоод байна.

1

-Манай орны хувьд тэр дундаа нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн харшил үүсгэгч ургамал ургадаг вэ?

-Бид харшлын шалтгаант ургамлын судалгааг улсын хэмжээнд хийсэн. Сүүлийн 40 орчим жил манай баг хамт олон энэхүү судалгааг хийж байгаа. Эмч судлаачид харшил үүсгэдэг мод сөөг, үет өвст ургамал, хог ургамал буюу хөл газрын ургамлууд гэж байдгийг тогтоосон. Бидний судалгаагаар Монгол орны нийт ургамлын аймгийн 7.2 хувь нь буюу 200 гаруй зүйл ургамал харшлын шалтгаантай гэдэг нь тогтоогдсон. Тэдгээрийн 40 гаруй зүйл нь харшил үүсгэх онцгой шинж чанартай юм байна. Улаанбаатар хот орчимд буй мод сөөг харшил үүсгэх нь цөөн, үет болон өвст ургамал ч бага харшил үүсгэдэг. Харин хог ургамлын тоос хамгийн их харшил үүсгэдэг гэдгийг тогтоогоод байна. Хог ургамал гэдэгт шарилж, лууль орох бөгөөд хамгийн их харшил үүсгэдэг нь эдгээр ургамлын тооснууд юм.

1

Шарилжийг 7-10 см-ын урттай байхад хадах хэрэгтэй

1

-Хог ургамал буюу шарилж тийм ч хэрэггүй ургамал биш гэж сонссон. Ашигтай ургамал гэж үнэн үү. Юунд ашигладаг юм бэ?

-Дэлхий нийтэд 500 гаруй зүйл шарилж тархсан байдаг. Тэдгээрээс 105 зүйл нь манай оронд ургадаг. Үүнээс 10 гаруй зүйл ургамал нь хот суурин газруудад их тархаж байгаа. Хог ургамал хүмүүсийн үзэн яддаг шиг тийм ч хэрэггүй зүйл биш. Дэлхий нийтээрээ хог ургамлыг ашиглах бололцоотой гэж үзэж байгаа. Байгалийнхаа жамаар ургаж байгаа тэр ургамлыг цэцэглүүлэхгүй, тоосыг нь орчин тойронд тараахгүй байх нь чухал. Шарилж, лууль хоёулаа ашигтай ургамал. Нэн түрүүнд байгалийг нөхөн сэргээх ач холбогдолтой. Шарилж бол эмийн түүхий эд болдог. Ашигтай химийн бодисуудыг шарилжнаас гаргаж авдаг. Хүчилтөрөгч ялгаруулна. Шарилжийг малын тэжээлд хэрэглэж болно.Түүнчлэн ундаа, вино, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг шарилжнаас гаргаж авах нь бий. Харин их хэмжээгээр ургаж, бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөд ирэхээр л хортой болдог юм.

1

-Тэгэхээр шарилжийг үндсээр нь зулгааж устгах нь буруу юм байна гэж ойлгож болох уу. Зулгаахгүйгээр агаар дахь тоосонцрыг яаж багасгах вэ?

-Зулгаах нь тийм ч зөв арга биш. Хог ургамлыг газраас 7-10 см-ын хэмжээтэй байхад нь хадаж түүх хэрэгтэй. Их хогтой газрынхыг зулгааж болно. Зулгаасныхаа дараа харин олон настын үр цацаж нөхөн сэргээлт хийх ёстой. Шарилжийг цэцэглүүлж, үрлүүлэхгүйн тулд зургаадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын сүүлч үе хүртэлх хугацаанд хадах хэрэгтэй. Тэгвэл агаарт дэгдэх шарилжийн тоосонцор илт багасна.

1

Харшлын хүндрэлийг 80-90 хувиар багасгах боломж бий

1

-Хүмүүс харшил хөдөллөө гээд дур мэдэн эм уудаг. Энэ нь мэдээж хүний биед хор хөнөөлтэй биз?

-Иргэд нүд, хамрын дусаагуур өдөрт олон удаа дусааж замба­раагүй хэрэглэж байна. Үүнээс болж нүд, хамрын салстын үрэв­сэлтэй болсон хүмүүс их байдаг. Мөн дам сураг сонсч эмчийн заа­варгүйгээр харшлын эсрэг нэг удаагийн тариа хийлгэж байна. Энэ харшлын тариа нь 40-өөс дээш насныхан хэрэглэх заалттай байдаг юм. Залуус хүүхдүүд энэ тариаг хийлгэвэл үргүй болох, ясны сий­рэгжилт, хэт таргалалт зэрэг маш олон сөрөг нөлөөтэй. Иргэд ямар ч тохиолдолд эмчийн заав­раар эм тариаг хэрэглэх ёстой. Хоорондоо зохицохгүй эм гэж бий.

1

-Харшлын эмчилгээ манайд хэр үр дүн өгч байгаа вэ?

-Маш олон төрлийн эмчилгээ хийгддэг. Юуны харшил вэ гэдгээс шалтгаалж эмчилгээ өөр өөр. Нэгдүгээрт, юуны харшилтайгаа тогтоолгохын тулд сорилын шин­жилгээ өгч эмчилгээндээ орно. Одоогоор манайд шарилжны харш­лын эсрэг вакцин хийж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 5-ныг хүртэл вакцин хийдэг. Мөн бусад бүх төрлийн харшилд эм уулгадаг. Ямар төрлийн харшлаас хамаарч тухайн өвчинд нь тохирсон эм хэрэглэнэ.

1

-Харшлыг бүрэн эдгээх боломж бий юу?

-Бүрэн эдгэрэх боломжгүй өвчний тоонд ордог. Гэхдээ өвчлөлийн хугацаа болон хүндрэлийг 80-90 хувиар багасгах боломж бий. Эмчилгээ хийлгээд тухайн үедээ эдгэрсэн ч эргээд дахих магадлал маш өндөр. Тиймээс иргэд өөрсдөө идэж ууж хэрэглэж байгаа зүйлстээ нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй.

1

-Тэгвэл харшлаа сэдрээхгүй байхын тулд яах ёстой вэ?

-Харшил үүсгэгчээс бү­рэн татгалзах эсвэл түү­нээс хол байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмчид үзүүлж харшлын төрлийг тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, аль нэг жимснээс харшилтай бол дахиж хэзээ ч идэхгүй байх ёстой гэсэн үг. Гэхдээ тоосны харшлаас зугтах боломжгүй. Тиймээс иргэд өөрсдөө харшлын үед аль болох гадуур дотуур гарахгүйгээр хэрэгтэй цагт нь эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Мөн нийтээрээ үүнтэй тэмцмээр байна.

1

Б.Нямсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganbat Bavuudorj:
Дүнжингарав хороололд байдаг байсан хятад эмнэлэг хаачсын бол? тэдний тариа нэг хийлгээд жилдээ ямар ч асуудалгүй байдаг байсан
2018-07-27
яг үнэн:
манай дүү харшилын 1 дүгээр эмнэлэгт сорил тавиулаад хэдэн жил тариа хийлгээд эчмилгээнд яваад байсан юм тэгсэн чинь юун харшил нь эдгэх бүүр аймаар олон юмны харшилтай болчихсон одоо гадагшаа гарах гэж бөөн юм болдог. эмчилгээний арга нь хоцрогдсон болохоороо эмч нар нь хэтэрхий бизгес хөөгөөд эмчлэх биш улам өвчин аваад л байна ш дэ
2014-07-30
зочин:
сангидорж эмч биш биологч тэр талаасаа зөвлөж байх шиг байна.би бараг 30 гаруй жил энэ харшил гэдэг өвчинтэй тэмцэж байна .бүрэн эдгэрнэ эгж байхгүй бололтой.ургамлын харшил гэж энэ аймшиг жилээс жилд хүмүүсийг идэж байна да.сайн хамгаалах юм,ийм агаарын бохирдолтой манай улсад хамгаалаад ч хэрэг алга.харин гадагшаа явахад бараг өвчиллөхгүй шүү.энэ нь бас манай орны энэ их хуурайшил агаарын бохирдол маш их нөлөөлдөг.би олон газар эмчлүүлэх гэж үзсэн.монголдоо ирээд шууд найтааж.ус гоожих эсвэл хамар битүүр за тэгээд бүх шинж илэрдэг.1990 оноос2003 он хүртэл улсын 1 р килинкийн харшлын кабинетын хяналтанд 4сарын эхээс 7сарын эхэн хүртэл уйгагүй схемын тарилганд явсан.маш үр дүн муутай тэгээд гадагшаа ажиллах боломж олдоод тэнд ер өвчлөөгүй шүү.5жилийн дараа монголдоо буугаад гаалийн шалган дээрээс эхлээд л найтааж нус гоожиж эхэлсэн бүтэн 2 сар тэгээд нөгөө 1-р эмнэлэгтээ очерлон байж үзүүлэхэд эмч нар нь нөгөө л хуучин улиг болсн эмчилгээ,нэмээд баахан эмийн бизнес өргөжөөд хэцүү л болчихсон хүний төлөө биш өөрсдөө мөнгө олох үйлчилгээтэй л болчихож тун гунигтай байсан шүү.ингээд л сайхан амарч ч чадаагүй буцаад л явсан очиод эмчдээ үзүүлээд бас үнэхээл агаар чийглэг газар болоодч тэр үү зүгээр болчихдог.энэ бас манай агаарын бохирдолтой маш их холбоотой шүү.
2014-04-14
zochin:
sain huviin emneleg haana bn? yag nariin shinjilgeeg n hiigeed naidvartai emchilgeeg n bicheed ugchih
2014-04-14
ойлгосонгүй:
та тэгээд эмч юм уу... ургамал судлаач юмуу... юуны харшилтай гэдгээ тогтооцон хүн яг ямар урьдчилсан арга хэмжээ авах вэ гэдгийг л шууд тодорхой хэлээд өгчиж чадахгүй ... эсвэл ямарч эмчилгээ байхгүйээ гээд л хэлчихгүй худлаа хогийн ургамалаа усгах ч гэх шиг хэзээч бүтэхгүй юм яриад байх юм таалагдсангүй ээ... гэж
2014-04-14