“1 дусал цус 3 амь” донорын аянаар 350 залуус цусаа өгчээ
2014-05-08

Дархан-Уул аймгийн залуус онлайнаар /Оюутан залуусын онлайн нэгдэл/ нэгдэж “1 дусал цус 3 амь” донорын аянг санаачилжээ. Уг аяныг тус аймгийн  Улаан загалмайн нийгэмлэг болон оюутны холбоо, Цус сэлбэлтийн үндэсний төв,  АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль дэмжсэнээр 350 оюутан цусаа хандивлажээ.

Тодруулбал, “Цусаа өгч баатар болцгооё” уриатай уг аянд тус аймгийн оюутнууд идэвхитэй оролцож цусаа бэлэглэхийн зэрэгцээ, олон оюутан донор болохоор шийдэн донор сонгох асуумж бөглөсөн байна. Иймд зохион байгуулагчид 1000 гаруй хүний амийг аврах энэрэнгүй үйлст нэгдсэн оюутнууддаа зориулан өнөөдөр аймгийнхаа “Залуучууд” театрт хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дурдахад, тухайн улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ хангах боломжтой гэж үздэг байна. Гэтэл манай улсын хэмжээнд нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн цусаа хандивладаг нь хангалтгүй үзүүлэлт аж. Холбогдох мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгын цусны донортой байх шаардлагатай юм байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин