Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд оношлогоо хийж байна
2014-10-08

Аутизмын эмгэгтэй хүүгийн эцэг эхийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Анд хүүхдүүд” ТББ-ын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Ёнсей северанс эмнэлгийн Хүүхдийн сэтгэцийн тасгийн эрхлэгч Доктор Сон Дон-Хо эмчээр ахлуулсан дөрвөн  мэргэжилтний бүрэлдэхүүнтэй  баг Монголд ирж монголын аутизмын эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдэд оношилгоо, үнэлгээ хийж байгаа аж.

ө

Манай улсад одоогоор аутизмын эмгэгийг эцсийн байдлаар оношилж, үнэлгээ хийх мэргэжилтэн хараахан байхгүй учир ийм  эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүд гадаад орнуудад очиж оношлуулах шаардлагатай болдог байна.

а

Аутизм нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг мэдрэлийн системийн эмгэг бөгөөд хөгжлийн цогц чадвар алдагдах байдал юм. Аутизмтай хүмүүс орчны бодит байдлаас үл хамааран өөрийн хэрэгцээ, сонирхол, хүслээрээ зан үйл, сэтгэл хөдлөл, үйл ажиллагаагаа зохицуулдаг өвөрмөц хандлагатай байдаг аж. Сүүлийн жилүүдэд Аутизмын тархалт хурдтай нэмэгдэж байгаа ба АНУ-ын Аутизмын нийгэмлэг судалгаагаар  68 хүүхэд тутмын нэгд аутизмын эмгэгтэй байх магадлалтай гэсэн тоо гарчээ. Энэ эмгэг нь хөвгүүдэд охидоос дөрөв дахин их тохиолддог байна.

а

“Анд хүүхдүүд” ТББ нь 2012 онд байгуулагдсан цагаасаа аутизмын эмгэгтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд туслах зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулж иржээ. Саяхан энэ ТББ-ын дэргэд аутизмтай хүүхдүүдэд зориулсан сургалтын төв, цэцэрлэг байгуулагдсан бөгөөд ХБНГУ-ын Аутизмын холбооноос сэтгэл зүйч багш уригдан ирж ажиллаж байгаа юм.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин