Агаараас цохилт өгч байна
2015-03-27

 

Йемений шийт шашны “Хоути” бүлэглэл өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр тус улсын Ерөнхийлөгч Абд-Раббу Мансурын ордонг эзэлж, огцрохыг шаардсан билээ. Ерөнхийлөгчийн ордон өнөөдрийг хүртэл хэт даврагчдыг мэдэлд байгаа бөгөөд Мансур аюулгүй газар байгаа юм. Мансур эрх мэдлээ эргүүлэн авахын тулд Саудын Араб улсаас дэмжлэг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Саудын Араб хэт даврагчдын эсрэг агаараас тулалдаж байгаа бөгөөд өчигдөр 78 удаа агаараас цохилт өгчээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Сауд аль-Файсал “Бид Ерөнхийлөгч Мансурыг бүрэн эрхээ эргүүлэн авах хүртэл Йеменд агаараас цохилт өгсөөр байх болно. Тус улсын аюулгүй байдал иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа. Аюулгүй байдлын үүднээс агаараас гадна далай болон хуурай газраас хэт даврагчидтай тулалдах болно” гэж хэлжээ.

 

Саудын Араб, Йемен улстай 1800 км газраар хиллэдэг байна. “Хоути” бүлэглэлийн тэргүүн Мухаммед аль-Бухайти “Саудын Араб дайныг хүсч байна” гэж мэдэгджээ.  Тус бүлэглэлийн эсрэг Саудын Араб, Бахрейн, Кувейт, Катар, Араб, Турк зэрэг 10 улс нэгдсэн байна. Энэхүү ажиллагаанд АНУ-д нэгдээгүй гэдгийг Вашингтоноос баталж, Йеменд тагнуулын тусламж үзүүлэхээ Ерөнхийлөгч Барак Обама амласан гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин