Дөрвөн их наяд төгрөгийн дэмжлэг хүрнэ
2015-04-07

Засгийн газар Монголын залуучуудын холбооны санаачилгуудыг ажил хэрэг болгоод эхэлсэн талаар  тус байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ.

МЗХ хөдөлмөрлөж, хичээж буй залуусаа бодитоор дэмжиж их наяд төгрөгөөр хэмжигдэх дэмжлэгийн сан байгуулахаар болсон байна. Тодруулбал, хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах  саналыг Засгийн газарт хүргүүлжээ.

Тус сангаар оюун ухаан, шинэ сэдэл санаачилгаа мөнгө, бизнес болгон хувиргах чадварлаг залуусаа дэмжиж экспортын шинэ экспертүүд төрүүлэхийг зорьж байгаа аж. Энэ зорилго нь  удахгүй  Багануур хотод  инновацийн томоохон цогцолборын бүтээн байгуулалт эхлэхээр  эрчимжэх юм байна. Мөн 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээлийн өндөр шалгуурыг давах залуу гэр бүлийн өмнө тулгамдаад байгаа гол асуудал болох орон сууцыг хөнгөлөлттэй байдлаар шийдвэрлэж болох саналыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл хоёр их наяд төгрөгийн дэмжлэгийн сан байгуулж орон сууцны урьдчилгааны арван хувийг төлөх  зээл олгох боломжийг судалсан байна.  Энэ зээлийн сан хэрэгжсэнээр 200 гаруй мянган залуу гэр бүл арван хувийн урьдчилгаа төлбөрийн зээл авч байранд орох боломжтой болох гэнэ. Эдгээр саналыг нь ч  Засгийн газраас дэмжсэн байна.

МЗХ-ноос ирэх жилийн  бүх шатны сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийг аравдугаар сарын 2-нд “хар жагсаалтаар” олон нийтэд зарлахаар болжээ.  “Хар жагсаалтад” орох хүмүүсийн талаарх саналыг Монгол Улсын  өнцөг булан бүрт суугаа иргэдээс цуглуулах юм байна. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “ “хар жагсаалтад” орсон улстөрчдийг дахиад улстөрд эргэж ирэхээргүй болгоно. Тиймээс саналыг иргэдээс шударгаар авах талаар олон хувилбар боловсруулж байна. Засгийн газар бидний гаргасан саналыг эхнээс нь дэмжиж байгаа. Монголын Залуучуудын холбооны 12 жил завсарласны  эцэст 5- дугаар их  хурлаа хийж дүрмээ өөрчилж, дотоод зохион байгуулалтаа нэг бүрчлэн хэлэлцсэн. Бүтэц удирдлагын дорвитой шинэчлэлд хүрсэн учраас  хөдөлмөрч залуусаа дэмжих чиглэлээр олон ажил хийнэ. Их хурлаар баталсан дүрмийн дагуу тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаас гадна 16-40 хүртэлх насны төлөөллөөс нэг хүнийг сонгож дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон. Мөн таван хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагын хороотой болсон” гэв.

Shuud.mn
Сонин хачин