Чоно үүрэндээ “хүн”, хүн гэртээ араатан
2015-04-10

 

Чоно бэлтрэг нь байгаа үүрэндээ араатан зангаа гаргадаггүй тухай сонсч байсан санагдана. Үүнийг монголчууд чоно үүрэндээ өлзийтэй гэж ярьдаг. Харин хүн бол эсрэгээрээ гэртээ араатан болдог. Ажил дээрээ, найз нөхдийн дунд ер нь гэрээс гадна орчинд инээж баяссан “сайн” хүн, гэртээ орохоороо уурласан, бухимдсан, загнасан, зандачсан нэгэн болж хувирах нь элбэг. Хүүхдэдээ, эхнэр, нөхөр, ээж аавдаа уур бухимдлаа гаргаж, хэн болсон нь мэдэгдэхгүй аашлах нь магадгүй хүн гэгчийн араатан төрх нь байх. Ийм л нийтлэг дүр төрхтэй гэр бүлийн золиос нь хүүхэд. Архи уусан аав, ааш нь олдохгүй ээжийн аяыг харж бүлтэлзэх ямар хэцүү болохыг тэд үгээр илэрхийлж ч чадахгүй балчирхан.

 

Балчир гэж бодохгүй зовоож, эцэст нь амь насаар нь тоглож байгаа хүн араатнуудын дунд тэд амьдарч буй. Бяцхан бие, балчир ухааныг ч үл тоон хүүхдийг тамлан зовоосон олон жишээг дурдаж болно.

 

Дөрөвхөн настай охин хойд эхийн дарамт шахалт, зодуурын бай болсоор амиа алдав.  Харин аав нь мэдсэн ч мэдээгүй царайлсаар эцэст нь охиноо золиос болгосон. Ээж, аавын охин болж төрсөн нь л түүний буруу.

 

Хоёрхон хоногийн өмнө гурван настай хүүг аав нь сандлаар цохиод хөнөөчихөв. Анхны тусламж ч авч чадалгүй энэ хорвоогоос явсан хүү гуравхан настай байсан гэдгийг дахин дахин хэлмээр байх юм. Хоол нэхэж, элдвийг шулганан, гараас хөтлөх нь түвэг болдог юм гэж үү.

 

Өнгөрсөн онд хоёр хүүхдээ хазаж, тамласан хэрэг гарсан. Хоёрхон настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ тэр араатан хазаж, тамласан байдаг. Хэн нь ч биеэ хамгаалж чадахгүй, нэг нь дэндүү балчир, нөгөө нь зовлонт бэрхшээлтэй.

 

Энгийн мэт яригдаад өнгөрдөг ийм л эмгэнэлт жишээ маш олон. Дэлхийн том дайн улс орнуудын хооронд болж байсан. Харин энэ зуунд дэлхийн III дайн гэр бүлд өрнөдөг болж. Золиос, хохирогч нь бага насны хүүхэд. Эцэг, эхийн дунд болсон дайны улмаас хүүхэд эрүүл мэнд, оюун ухаан, амь насаараа хохирч байна. Одоо бүр төрсөн үрээ өөрийн гараар хөнөөж, уусан архиа гаргаж байна. Үр нь могой биш эх нь, эцэг нь могой болсон цаг үед төрсөн тэдний өмнөөс харамсаж, халагламаар.

 

Нэг хэсэг нь ингэж төрсөн гэртээ эрүүл саруул, амьд байх хувь тавилангүй. Харин нөгөө хэсэг нь харалган хайхрамжгүй, мунаг тэнэг томчуудын буруугаас болж, энэ хорвоог орхиж байна.

 

Увсад дөрвөн настай охин хүчиндүүлэв. Юу бодож дөрөвхөн настай хүүхдийг бузарлаж байгааг эрүүл ухаанаар бодоод ч олохгүй. Зөвхөн галзуу, зэрлэг хүн араатнууд л ийм үйлдэл хийнэ. Яг ийм хэрэг Улаанбаатар ч гарч, найман настай охин хүчиндүүлж. Охин үхэх сэхэхийн даваан дээр эмнэлгийн орон дээр тарчилж, оюун ухаан ч үгүй гөлийсөн байдалтай байгааг ойрын эх сурвалж хэлж байсан.

 

Үнэндээ төрүүлсэн эцэг, эх нь хүүхдээ хамгаалж, хайрлахгүй байхад төрийн болон төрийн бус байгууллагууд юу хийж чадах юм бэ. Тэд хүүхэд хамгаалагч нэрнээс цаашгүй суух нь ойлгомжтой шүү дээ. Хүүхэд уйлж байна. Хүйс нь бүлтрэхгүй юм чинь уйлж л байг гэж үү. Хүүхэд зовж байна. Зовлон гэдгийг мэдэхгүй юм чинь тарчилж байг гэж үү.

 

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
hun araatan gej:
Manukol akademias hunii araatan serehui ni herees hetreed baigaa tuhai medeelsen baisan shuu. Hunee hun bolgoh tom bodlogiig uhaalag tur zasgaas yavuulah tsag boljdee. Bolovsroliin yaam uuniig anhaaraldaa avaasai.
2015-04-10