40 хүүхэд гэр цэцэрлэгтэй боллоо
2015-04-14

Нийслэл хотод хүн амын төвлөрлөөр тэргүүн байрт бичигдэх Баянзүрх дүүрэгт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг эхчүүдийн анхаарал татсан чухал сэдэв байдаг.

 

Тэр дундаа алслагдмал гэр хорооллын хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдаж боломж бага байдаг.  2014 оны байдлаар тус дүүрэгт 4000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй ах дүүгийндээ  аль эсвэл орон гэртээ  цоожтой үлддэг ажээ.

 

Тэгвэл энэ хүндрэлийг бага ч болов багасгах үүднээс Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэгийн харьяанд 40 хүүхдийн багтаамжтай гэр цэцэрлэг байгуулжээ.

 

БЗД-ийн 17-р хороонд баригдсан цэцэрлэгийг НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаагийн санаачилгаар байгуулсан юм байна. Ингэснээр түүний санаачлагаар тус дүүрэг хоёр дахь гэр цэцэрлэгээ хүлээн авч байгаа нь энэ аж.

 

Өмнө нь байгуулагдсан гэр цэцэрлэг одоогоор 40 хүүхдийг хамруулан хоёр бүлгэмтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Нэг гэр цэцэрлэг 80 сая төгрөгийн өртгөөр босдог байна. Санхүүжилтийг “Ирээдүй Монгол” ТББ, “Good Neighbros” клубын дэмжлэгтэйгээр цэцэрлэгийг байгуулжээ. 

 

Гэр цэцэрлэг нь  өртөг багатайн дээр богино хугацаанд буюу ганцхан сарын дотор босдог давуу талтай ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин