Байрандаа орсон ч тайван сууж чадахгүй
2015-05-01

16 дугаар байрны оршин суугчид цаашид хэрхэх, хэзээ гэртээ харихаа дарга нараас асууж, хариулт авав.

 

 

 

Тэгвэл хүчитгэлийн ажлын зургийг баталсан экспертизийн нэгдсэн дүгнэлт гарсны дараа гүйцэтгэгчийг шалгаруулаад ирэх даваа гаригаас ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ойролцоогоор 160-250-иад сая төгрөгийн ажил хийгдэх урьдчилсан тооцоо гарч байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас үнэлгээний хороо байгуулаад ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хамгийн сайн компаниар, хамгийн чанартайгаар, иргэд, оршин суугчдын хяналттайгаар хүчитгэлийн ажлыг гүйцэтгүүлнэ гэдэг хариултыг дарга нар өгсөн.

 

Ингээд 10 хоногийн хугацаанд энэ ажлыг дуусгана гэж төлөвлөсөн байна. Тэгэхээр зочид буудалд, айлд амьдарч байгаа хүмүүс мөн хугацааны дараа гэртээ харина гэсэн үг байх.

 

Гэвч оршин суугчид гэртээ харьсны дараа ч сэтгэл амар амьдарч чадахгүй гэдгийг хэлж байв. 16 дугаар байрны 47 тоотод оршин суугч н.Адъяа “Баруун тийшээ 4 см хазайсан гэдэгт нарийн тайлбар шаардаж, модны үндсийг нэг талаас ухахад эсрэг тал руугаа хазайдаг энэ барилгын зүүн талд нүх ухснаар баруун тийшээ хазайсан байх магадлалтай. Тиймээс 2-3 компаниар хэмжүүлж, тэдний үнэлгээг харьцуулан дүгнэлт өгөхийг хүссэн” юм.

 

Харин мэргэжлийн байгууллагынхан 16 дугаар байр баруун тийшээ 4 см хазайсан нь зүүн талд нүх ухснаас болоогүй. Энэ хазайлт нь барилга угсралтын эсвэл ашиглалтын явцад үүссэн эсэхийг тогтоох боломжгүй ч нүх ухснаас үүсээгүй гэдэг тодорхой байгаа юм гэдгийг онцолж байсан. Барилгын хүлцэх хэмжээ гэж байдаг. 40 метртэй барилгад 4 см гэдэг бол хүлцэх хэмжээ гэдгийг ч хэлсэн.  

 

Мөн 10-20 жилийн дараа энэ байр нураад унавал яах вэ. Зах зээлийн ханшаар үнэлээд мөнгийг нь авмаар байна гэсэн иргэн ч байв. Мэргэжлийнхэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд итгэхийг хүсээд, бэхэлгээ, хүчитгэлийг зургийн дагуу чанартай хийхэд ямар ч эрсдэлгүй. Харин ч барилгын суурийг өмнөхөөс илүү бат бэх болно гэж тайлбарлав. Бэхэлгээ, хүчитгэлийн ажлын зураг төслийн болон гүйцэтгэх ажилд 16 дугаар байрны иргэд хяналт тавьж оролцож байгаа аж.

 

Харин иргэдийн өмчид учирсан хохирол, буруутай этгээдийн асуудлыг жич ярих бөгөөд хуулийн байгууллага шалгаж буй юм байна.

 

16 дугаар байрны оршин суугчид тав тухгүй, ахмад, өндөр настай хүмүүсийн даралт ихсэх, сэтгэл зүйн тайван бус байдалд амьдарч байна. Бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийсэн ч гэртээ ороод тайван унтах нь битгийн хэл сууж чадахгүй. Оюутан, сурагчид цагийн хоолоо халуунаар идэж чадахгүй, хүүхэд сургууль дээрээ “16 дугаар байрных. Зочид буудалд амьдардаг” гэж хэлүүлж байгааг ч ярьсан.

 

Тэд гэрээсээ гараад есөн өдөр болж байна. Энэ асуудал үүссэнд барилгын ажлын бус суурийн зураг төсөл дээр магадлал хийсэн Барилгын хөгжлийн төв, суурийн зөвшөөрөл өгсөн ч түүнийгээ ард нь зассан байх магадлалтайгаар иж бүрэн зөвшөөрөл болгож олгосон БХБЯ, Барилгын суурийн нүхийг ухахдаа хөрсний бэхэлгээ хийгээгүй гүйцэтгэгч компани болон захиалагч Би Жи Би Жи буруутай.

 

Мөн шалгалт хийж хүчитгэл зай хэмжээний зөрчилтэй байна гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг хүлээж авсан ч зөрчилийг арилгаагүй Би Жи Би Жи, НЕТГ, зураг төслийн компани, уялдаа холбоогүй ажилладаг эрх бүхий байгууллагууд буруутай гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэсэн байсан.

 

Түүнчлэн БХБЯ, Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, шалгалт хийж бааталгаажуулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгож байгаа тогтолцоо хөндлөнгийн хяналтгүй нь эрх ашгийн зөрчил үүсэх нөхцөлтэйг НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга онцолж байсныг дурдахгүй өнгөрч боломжгүй.

 

Б.Хүлэг

Гэрэл зургийг П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
5см хазайсан бол нураах байжээ. азаар таныг хэмжихэд зөвшөөрөгдөх хэмжээндээ байгаа юм байна, гялайлаа МХЕГ-ын байцаанчаа
2015-05-03
ЗОЧИНФ:
ТЭНЭГ ХҮН ТЭНЭГЭЭРЭЭ Л ДУУСДАГ ГЭЖ ҮНЭН ЮМ БАЙНА
2015-05-01
Санаа:
Намайг бодох нь ээ байран амьдардаг баячууд юм . Байргүй болсон ч зочид буудалд ямбална . Ямар их хувь тавилан гэхээр ингэж хангалуун амьдарцгаадаг юм бол оо. Би болхоор шударгаар хөдөлмөрлөөд цалингаараа байр байтугай байшин ч барих гээд чадахгүй эсгий гэртээ л зүдэрч амьдархаа ч хат амь голоо зогоох юм да. Эд нар тэр байрандаа тавтай сууж чадахгүй бол надад өгчихдөггүй л байх да . Хэсэгхэн ч гэсэн тансаглаж амьдараад нурж унахад нь дарагдаж үхсэн ч яахав дэ. Тарчиг амьдарлаар тавин жил зовж байхаар тансаг байран тавлагхан тавхан жил амьдарчих юмсан.
2015-05-01