Л.Цэрэндулам: Нүүрний будгаар төрхөө бүрэн өөрчлөх боломжтой
2015-05-05

 

Тайз дэлгэцийн олон бүтээлд тайзны зураач, нүүр хувиргагчаар ажиллаж яваа make-up, artist Л.Цэрэндуламтай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 9-нд "Mongolian Art Show" хэмээх нэгэн өвөрмөц шоуг хийх гэж байгаа юм.

 

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Удахгүй нэгэн өвөрмөц боди арт шоу зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ шоуныхаа талаар манай уншигчдад мэдээлэл хүргэхгүй юу?

 

 

-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчид та бүхэнд ч бас өдрийн мэнд хүргье. Тиймээ, тун удахгүй "Mongolian Art Show" шоугаа "Marque"-27 club-д зохион байгуулах гэж байна. Энэ шоу маань "Body art", "Make up", "Мodern and Art", "Songs and dance" үзүүлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.Үзүүлбэр тус бүрт олны танил хүмүүс оролцож байгаа.

 

Тодруулбал "Make up" үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, "Андра" модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, "Miss world mongolia 2014"-ийн үндэсний ялагч Т.Батцэцэг, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд "Make up" үзүүлбэрийг тайзнаа амьдруулах болно.

 

Мөн "Body Art"-ын үзүүлбэрт Андра модел агентлагийн модель охидууд болон фото модель Б.Жимсээ оролцоно.

 

Түүнчлэн, "Modern and Art" үзүүлбэрт МУСТА Э.Азбилиг, О.Анударь, МУСТА М.Бямбаа нар нэгдэж байгаа. Харин “Songs and Dance” үзүүлбэрт маань МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Номин-Эрдэнэ, МУСТА Н.Наранбаатар, "Compass" хамтлаг, Дуучин Тулгаа, "Андра" загварын агентлагийн бүжгийн хамтлаг өөрсдийн шилдэг гэсэн номероо үзүүлэх болно. Түүнээс гадна өөр олон олон гайхалтай гэнэтийн бэлгүүд манай шоунд дэлгэгдэнэ.

 

 

-Хэзээнээс нүүр хувиргагч, тайзны зураач хийж эхэлсэн бэ?

 

 

-Би театр киноны зураач мэргэжилтэй. СУИС-ыг 2012 онд төгссөн. Түүнээс өмнө Үйлдвэр урлалын сургуулийн үйлдвэрлэлийн дизайнерын ангийг дүүргэсэн байгаа. Оюутан байхаасаа эхлээд дэлгэц, театрын уран бүтээлд зураачаар ажилласан. Мөн давхар нүүр хувиргагчаар ажиллаж байсан.

 

Миний анхны уран бүтээл гэвэл, MN25-р сураг телевизийн “Би хайртай” олон ангит кинонд нүүр хувиргагчаар ажиллаж байсан.

 

Түүнчлэн, оюутны төгсөх курст байхдаа “Гоолингоо” дуулалт жүжигт тайзны зураач хийж байлаа. Эдгээр маань миний анхны уран бүтээлүүд.

 

 

-Тайз, дэлгэцийн зураач хүн  make-up, body art  чиглэлээр зурахад хэр дөхөм байдаг вэ?

 

-Үндсэн мэргэжил маань зураач учраас энэ чиглэлээр ажиллахад их дөхөм, сонирхолтой байдаг л даа. Би 2009 оноос эхлээд өөрийн багш Э.Мөнхбаяртай хамтран энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Миний багш Э.Мөнхбаяр монголоос анх удаа олон улсын нүүр хувиргагчын тэмцээнд шүүгчээр ажилласан монголын мастер гоо сайханч хийдэг мундаг эмэгтэй бий. Энэ хүнтэй хамтарснаас хойш make-up, body art, хурмийн будалт гэдэг тайз, дэлгэцийн нүүр хувиргахаас тэс  ондоо, тус тусдаа гэдгийг илүү ихээр мэдэрсэн.

 

Багштайгаа холбогдсоноос хойш make-up-ын чиглэлээр түлхүү суралцаж, хийж эхэлсэн.

 

-Нүүр будалтын ДАШТ-нд оролцсон сураг байсан. Хэр амжилттай оролцоод ирсэн бэ?

 

-Тиймээ. Э.Мөнхбаяр багштайгаа хамт өнгөрсөн жилийн тавдугаар сард Германы Франкфурт хотноо болсон үс засалт, нүүр будалтын ДАШТ-нд оролцоод ирсэн. Тус тэмцээнээс манай монголын баг багаараа 10-р байранд орсон амжилттай ирсэн байдаг. Нийт 60 гаруй орны 1300 гаруй оролцогчтой, зургаан мянга гаруй үзэгчтэй тэмцээн байсан.

 

 Уг тэмцээнд би ганцаараа оролцоод ирсэн юм биш л дээ. Манайд Монголын үсчин гоо сайханчдын холбоо гэж бий. Тэр холбооноос маань монголын мастер үсчид, гоо сайханч, хумс будагч нарыг бэлтгэж, ДАШТ-нд явуулдаг. Дэлхийн тэмцээн бол дэлхийн тэмцээн байдаг юм билээ /инээв/. Тэндээс маш их юм үзлээ, сурлаа, мэдлээ. Хүний нүд нээгдэнэ гэдэг шиг, миний хувьд ДАШТ маш их ололтой, дэвшилттэй тэмцээн байлаа. Учир нь би энэ чиглэлээр монголд ганц ч удаа тэмцээн, уралдаанд оролцож үзээгүй. Шууд дэлхийн аваргад явсан. Гэхдээ бусдаас дутахгүй сайн ажлаа гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Дэлхийн аваргын тэмцээнд миний моделиор Герман улсад өдгөө ажиллаж, амьдарч байгаа жүжигчин Энхтуул эгч маань ажилласан.

 

 

-Та “Гэгээн муза” наадмын "Шилдэг тайзны зураач" номинацид ээжтэйгээ өрсөлдөж байгаа. Ямар бүтээлээрээ өрсөлдөж байгаа вэ?

 

-“Гэгээн муза” наадамд би зураачийн хувиар анх удаа Н.Төмөрбатын “Хайрт минь би чамайг хүлээж байна” моно жүжгээр нэр дэвшиж байгаа. Харин ээж маань "Танихгүй эмэгтэй захидал" жүжгээрээ нэр дэвшээд байна.

 

Миний ээжийг Н.Батбилэг гэдэг. Олон жил УДЭТ-т тайзны зураач хийсэн, Соёлын тэргүүний ажилтан сайхан эмэгтэй бий. Маш авъяастай, олон жил зургаар ажиллаж явсан. Одоо УДЭТ-т үйлдвэр, техникийн хэлтсийн даргаар ажилладаг. Намайг зураач болоход ээж маань их нөлөөлсөн гэж боддог. Эгч бид хоёрыг юу хүсч, мөрөөдөж байна түүнийг маань биелүүлэхийг дэмжиж, хичээдэг хүн бол миний ээж, аав хоёр маань.

 

Миний найзууд маань өөрсдийн аав ээжээ надад магтахаас илүү, надад манай ээжийг “үнэхээр гайхалтай сайн аав ээжтэй. Чи ёстой азтай хүн” гэж хэлдэг. Миний ээж аав хоёр “Монголжин” студийн бүх кинонд зураачаар ажилласан, урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Намайг бага байхад ээжийг маань тайзны зураачаар дагнаж ажилладаг байлаа. Тэр үед одооных шиг аннасс, зурагт хуудас зэрэг хөгжөөгүй байсан.

 

Ээж ямбуу даавуу авчираад бүх жүжигчдыг гараагаа зураад, шөнө эсвэл өглөө эрт Соёлын төв өргөө, УДЭТ зэргийн үүдэнд өлгүүлдэг байсан. Тэгээд л ээжийн хажууд хань болж шөнө суусаар байгаад зурагт дуртай, хайртай болсон.

 

 

-Багаасаа  аав ээжийгээ дагаж театр, кинонд явсан юм байна. Зураач гэхгүйгээр жүжигчин болохыг мөрөөдөж, мэргэжилд нь татагдаж байсан үе бий юу?

 

-Би хааяа энэ талаар эрэгцүүлж боддог. Заавал тайз дэлгэцийн бүтээлийн арын албанд ажиллахгүйгээд нүүр царай нь болоход яагаад болохгүй гэж хэмээн бодогдож байсан. Гэхдээ надад жүжиглэхээс илүү зурах авъяас илүү хөгжсөн байдаг. Өвөг дээдэс, удмаас маань гарын ур, өнгөний мэдрэмж заяасан байхад би илүү зүйл рүү хуруу дүрэх хэрэггүй байх. Би зурах дуртай. Зураггүйгээр амьдралаа төсөөлж байгаагүй юм байна /инээв/.

 

 

-Сүүлийн үед манайхан аймшгийн, зодоонтой кинонд нүүр хувиргалтыг их сайн хийдэг болжээ. Цус нөж, хөх няц болсон нүүр хувиргалтыг хийхийн тулд юунд анхаарлаа хандуулдаг вэ?

 

-Судалгаа их хийдэг. Тухайлбал, энд тэнд нүд ам нь хөхөрсөн хүн явж байвал, их ажиглаж хардаг /инээв/. Хаанаас нь ямар туяа ороод, яаж харагдаж байна гэдгийг их анзаардаг. Шарх сорвийг яаж хийвэл камераар бодиттой, үнэмшилтэй байхав гэдгийг их боддог.

 

“Хөлтрөг” уран сайхны кино, “Зоорь” киноны дууны клипын зураг авалтын нүүр будалтыг хийсэн. Нүүр будагч хүний хувьд өдөр тутмын будалт хийх сонирхол багатай. Харин хувиргалттай, тавилттай, сорви шарх нь үнэмшилтэй байхуйц нүүр хувиргалтыг хийх сонирхолтой байдаг.

 

-Дуучин Roket bay-ыг та будсан гэсэн үг үү?

 

-Тийм.

 

 

-Зөвхөн тайз, дэлгэцийн будалт гэлтгүй, энгийн үед охид бүсгүйчүүд маань хэрхэн нүүрээ будвал зохимжтой харагдах вэ?

 

-Хамгийн чухал нь өнгө. Манайхан жаахан бор царайтай бол 23 номер, жаахан цайвар царайтай бол 21 номер хэрэглэдэг. Энэ бол ташаа ойлголт. Уг нь нүүр будалт гэрэл, сүүдэр, үндсэн өнгө гэсэн гурван хэсэгтэй байх ёстой.

 

Тухайлбал, уран зураг олон өнгөний зохицол байдаг шүү дээ. Хүн хүний өөрсдийн онцлогт тохируулсан будалт хийх хэрэгтэй. Таны нүд эсвэл хамар таалагддаг бол түүнийгээ тодотгож будаж байх хэрэгтэй. Нүүрний будгаар өөрийн төрхөө бүрэн өөрчлөх боломжтой. Ер нь нүүр будалт, хувцаслалт тухайн улс үндэстэний соёлыг тодорхойлдог. Ямар ч эмэгтэй хүнийг гоё будаж чадвал, үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг.

 

 

-Нүүр будагч, гоосайханчид маань сүүлийн үед сошиал медиа ашиглан охид бүсгүйчүүддээ хичээл заадаг болжээ. Таны хувьд тэгж зааж байсан тохиолдол бий юу?

 

-Тийм тохиолдол байхгүй. Ер нь хүн гэртээ байхдаа өөр төрхтэй. Гадуур явж байгаа төрх тэс өөр байдаг. Миний хувьд будаггүй төрхийн зургийг аваад будалт хийгээд ийм боллоо гэсэн харьцуулалтыг цахим ертөнцөөр түгээхийг бүдүүлэг асуудал гэж боддог.

 

 

-Зураач хүмүүст өнгө бүхэн эрхэм байдаг байх. Өөрөө ямар өнгөнд дуртай вэ?

 

-Зураач хүн бүрт өнгөний мэдрэмж сонирхолтой байдаг. Миний хувьд гэгээлэг өнгөнд дуртай. Ганц хоёр жилийн өмнө миний бүтээлүүдэд улаан өнгө түлхүү байдаг байсан. Одоо бол өнгөний мэдрэмж арай өөрчлөгдөөд цайвар өнгө миний бүтээлүүдэд илүү давамгайлах болсон.

 

Ер нь монголчууд нэгдүгээр цэвэр өнгийг /хольцгүй/ эрхэмлэж, хэрэглэдэг. Харин Хятадууд хоёрдугаар өнгийг  хэрэглэдэг. Тэр нь хоёр өнгө дундаас гаргаж авсан өнгө л дөө. Япон, Солонгосчууд гурав, дөрөвдүгээр өнгийг хэрэглэдэг. Энэ нь завсарын өнгө байдаг.

 

Энэ нь тухайн улс үндэстний сэтгэлгээний онцлогтой шууд холбоотой гэж боддог.

 

 

-Зураач хүн байнгын шинийг эрэлхийлж байдаг. Таны хувьд хэр эрж, хайж байна?

 

-Тийм. Гэхдээ миний хувьд шинийг хайхаасаа илүү өнгөрснийг эрэлхийлдэг. Зураач, уран бүтээлчид хүний хувьд судалгаа асар нарийн байхгүй бол болдоггүй. Учир нь зураач бид нар түүхийн үнэнийг хойч үедээ зурж, үлдээдэг. Би ямар нэг түүхэн бүтээлд ажиллаж байхдаа зураач хүний сэтгэлгээгээр хандаж, хэрхэвч зурж болохгүй. Ингэснээр би түүхийн үнэнийг гуйвуулж магадгүй шүү дээ. Хойч үед үлдэж байгаа хүмүүс миний сэтгэлгээгээр л үлдэнэ. Тийм учраас соёл судлалын чиглэлээр суралцаж байна.

 

Б.Дэжид

 

Гэрэл зургийг П.Наран

 

 

Shuud.mn
Сонин хачин