Ууган сургуульдаа хандив өргөжээ
2015-05-18

Сүхбаатар аймгийн анхны эрдмийн өргөө болох нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 90 жилийн ой ирэх намар тохиох аж.

 

Аймгийн тэргүүний сургуулиар удаа дараа шалгарч, 2008 онд Монгол улсын шилдэг менежменттэй топ сургуулийн нэг болсон амжилттайгаар түүхт ойгоо угтаж байгаа юм байна.

 

Ойн хүрээнд сургуулийнхаа анги танхимуудыг тохижуулах, сургалтын материаллаг баазыг сайжруулах чиглэлээр олон ажил хийж эхэлсэн гэнэ. Гэвч төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа тул төгсөгчдийнхөө нөөц бололцоог ашиглах шийдвэрийг сургуулийн захиргаа болон тус сургуулийг төгсөгчдийн холбооноос гаргасан аж.

 

Энэхүү ажлын хүрээнд өнгөрөгч сарын сүүлээр “УБ палас”-ын их танхимд хандивын тоглолт зохион байгуулсан юм. Тэгвэл энэ сарын 8-нд хандивын хүлээн авалт зохион байгуулжээ. Уг уулзалтад УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав, Ш.Бадам, УУЯ-ны сайд асан Ч.Хурц, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, гавъяат эмч Б.Бүлтэн, гавъяа хуульч Н.Жанцан  тэргүүтэй үе, үеийн төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж, төрөлх сургуульдаа хандив өргөсөн байна.

 

Тухайлбал, бэлнээр өгсөн болон өгөхөөр амласан мөнгө 94 сая төгрөгт хүрсэн бол 40 орчим сая төгрөгийн ажлыг бартераар гүйцэтгэхээ илэрхийлжээ. Хандивын хуримтлалаар хүлээгдэж буй ажлуудыг санхүүжүүлэх аж. Тус сургуулийн захиргаанаас санаачлан 11 мянга гаруй төгсөгчдийн төлөөллийг хамруулсан “Алдартны сургууль” холбоо байгуулагдсан бөгөөд уг холбооны тэргүүнээр Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан сонгогдон ажиллаж байгаа юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин