Цахим системийн албан ёсны нээлт болно
2015-07-07

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон.

 

Энэ хүрээнд автобуснуудад цахим карт уншигч төхөөрөмжүүдийг байршуулж автобусны буудлуудад цахим карт борлуулах цэг байгуулах юм байна. Цахим системийн  нээлт долдугаар сарын 8-нд буюу маргааш болно.

 

Цахим системд шилжихэд нэн тэргүүнд иргэдийг автобусанд бэлэн мөнгөөр биш, цахим картаар үйлчлүүлдэг хэвшилд сургах гэж байна. 

 

Ингэхийн тулд 500 орчим автобусны буудалд ухаалаг карт худалдаалах цэгийг автобусны буудлууд дээр байрлуулна. Гол нь автобусны буудалд байрлалтай ТҮЦ-ийн худалдагчидтай гэрээ байгуулан ухаалаг картаа борлуулах цэг болгон ажиллах юм байна.

 

Иргэд цэнэглэгч картаа эхлээд 3600 төгрөгөөр худалдаж аваад сарын хэрэглээндээ тохируулан эсвэл долоо хоногоор 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэх юм.

 

Мөн картын хувьд дотроо төрөлтэй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүд байгаа. Ахмад настан, групптэй иргэдийн хувьд хорооны халамжийн ажилтнаараа дамжуулан картаа авч болох юм.

 

Түүнчлэн иргэд картаар зорчихдоо автобусанд орох, гарах тохиолдолд хоёуланд нь картаа уншуулах ёстой. Тэгэхгүй бол дараагийн тээвэрт ороход уншихгүй юм байна. Мөн олон сараар цэнэглэсэн картаа хаявал хэрэглэгчийн төвд хандан картаа хаалган ахин захиалан үлдэгдэл мөнгөө шилжүүлэн ашиглах боломжтой ажээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин