Суллагдаж буй ялтнуудын 800 орчим нь Улаанбаатарын иргэн
2015-11-04

Өршөөл үзүүлэх тухай хууль энэ сарын 29-ний өдөр батлагдаж, тухайн өдрөөсөө хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Өршөөлийн хуулийн дагуу хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудыг суллах ажиллагаа явагдаж байна. Өршөөлд хамрагдвал зохих ялтнуудын судалгааг прокурорын байгууллагаас хянаад шүүхэд шилжүүлснээр өнөөдрөөс хоригдлуудыг суллах ажил эхэлж байгаа юм. Хоригдлуудыг өршөөлөөр суллах ажиллагаа энэ долоо хоногийн баасан гарагт дуусгавар болно.

 

Шүүхүүд хорих ангид нүүдэллэн ажиллаж, ялтнуудыг өршөөлөөр суллах шүүх хурал хийнэ. Ял эдэлж байгаа 6000 гаруй ялтнаас 3000 гаруйд нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилж байгаа. Тэднээс 2000 орчим нь суллагдах урьдчилсан төлөвтэй байгааг ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү хэлсэн.

 

Ялтнуудыг суллах ажиллагаа дууссаны дараа орон нутгаас 1200 орчим ялтныг Улаанбаатар хотод татаж авчран, тараах ажлыг зохион байгуулах юм байна. Харин бусад нь буюу 800 орчим хүнийг ял эдэлж байсан хорих ангиас шууд орон нутаг руу нь тараах зохион байгуулалтыг хийжээ.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад суллагдаж байгаа хүмүүсийн хэд нь Улаанбаатар хотын иргэн байгаа бол?

-Улаанбаатар хотын иргэн буюу суллагдаад энд амьдрах 800 орчим хүн байгаа гэсэн судалгаа бий. Харин 500-600 орчим нь ял эдлэхээс өмнө өөрийн оршин сууж байсан орон нутаг руу буцна.

 

 -Хорих ангиас гарч ирээд амьдрах гэр оронгүй 300 орчим хүн байна гэж мэдээлэгдсэн. Энэ хэр бодитой мэдээ вэ?

-ХАХНХЯ-тай ШШГЕГ-аас хамтран оны эхэнд бүх хорих ангиар судалгаа явуулдаг. Танайд эргэлт, ар гэрээс нь хүн ирэхгүй ямар хүмүүс байна гээд. Тэгээд үнэхээр хорих ангиас гараад очих газар, орон гэргүй хүмүүст холбогдох газраас нь гэр олгодог. Гэхдээ одоо Өршөөлийн хуульд хамрагдаад суллагдаж байгаа ялтнуудын дунд гэр орон, очих газаргүй хүн байхгүй.

 

-Суллагдсан иргэдийн ажлын байраар хангах асуудал яригдаж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Өршөөлийн хуулийн ажлын хэсгийн комисс, Хөдөлмөрийн яаманд албан бичиг явуулсан. Суллагдаад очиж байгаа иргэнтэй тухайн газрын хөдөлмөрийн байцаагч нар нэг бүрчлэн уулзаж, ямар мэргэжилтэй хүн байна, түүнд нь тохирох орон тоо юу байна гэдгийг санал болгоно. Мөн тухайн орон нутагт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн сургалтад хамруулахаар Хөдөлмөрийн яамтай харилцан тохиролцсон. Суллагдсан иргэдийг орон нутгийн цагдаагийн газар хүлээн аваад, хөдөлмөрийн байцаагч юмуу тухайн асуудлыг хариуцсан хүнтэй уулзуулна.

 

-Ял эдлэх хугацаанаас нь хоёр жил хасагдаж байгаа хэдэн хүмүүжигч байгаа вэ?

-1500 орчим байна. Ял эдлэх хугацаанаас нь хоёр жил хасагдаад 500-600 хүн хорих ялаас суллагдаж байна. Нэмж хэлэхэд суллагдаад орон нутаг руу явж байгаа хүмүүсийг орон нутгийн цагдаад, Улаанбаатараас суллагдаж байгааг нь нийслэлийн цагдаад хүлээлгэж өгч байгаа.

 

-Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд улсаас хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Энэ үйл ажиллагааг зохицуулахаар улсаас 130 сая төгрөг шийдвэрлэсэн. Тухайлбал, Увсад амьдардаг хүн Хэнтийд ял эдэлж байж болно. Тэгвэл түүнийг гэрт нь хүргэх унааны зардал, зарим өвлийн хувцасгүй хоригдлуудыг хувцасны асуудлыг шийдвэрлэж байна.

 

-Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүсийг хэзээ өршөөх вэ?

-Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа 1400 гаруй хүн байна. Улсын хэмжээнд. Бид эхний ээлжинд ял эдэлж байгаа хүмүүсийг энэ долоо хоногт багтаан суллахаар ажиллаж байна. Харин хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх үйл ажиллагааа ирэх долоо хоногийн даваа гаригаас албан ёсоор явагдана. Тэд нэгэнт өршөөгдөж байгаа учир Монгол Улсын хилээр орж гарах эрхтэй болж байгаа юм.

 

-Өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл /Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох/ хамаарч  байгаа юу?

-261 дүгээр зүйлийн 261.1 тусаж байгаа. 261.2 хамаарахгүй.

 

Б.Буд

 

 

Shuud.mn
Сонин хачин
111111:
Мэдрэлээ, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын оршин суугч байлгуй дээ...
2015-11-04