“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг боллоо
2015-12-15

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Нутгийн захиргааны байгууллага, Авлигатай тэмцэх газар, Төрийн бус байгууллага, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл зэрэг 300 орчим иргэн оролцов. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн тухай, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ зэргийг танилцууллаа.


 
Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлуудын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг 2014 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж, авлигатай тэмцэх шат дараатай ажлыг зарлан тунхагласны дагуу нийслэлийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг баталсан. Мөн  “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхимыг байгуулан ажиллаж байна.


“Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр” нь нийслэлийн нутгийн удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хандлага, үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, бүтээмжтэй, хариуцлагатай иргэний нийгмийн оролцоог хангасан нийслэлийг хөгжүүлэх зорилготой. Тус хөтөлбөрийг Авлигагүй нийтийн алба, Авлигаас ангид төрийн албан хаагч, Тунгалаг санхүүтэй Улаанбаатар, Нийслэлийн өмчийн ил тод, үр ашигтай тогтолцоо, Дүрэмтэй хот, Авлигыг үл тэвчигч хотын иргэд, Иргэн, иргэний нийгмийн оролцоо гэсэн 7 зорилтын хүрээнд 2 үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин