Их Британийн төлөөлөгчдийн хүлээн авч уулзав
2015-12-18

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Их Британийн Сонгуулийн хорооны төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзаж хоёр орны сонгуулийн байгууллагын үйл  ажиллагааны талаар харилцан мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

 

Төлөөлөгчид сонгуулийн хорооныхоо талаар танилцуулахдаа байнгын ажиллагаатай, бие даасан хараат бус байгууллага  гэдгийг дурдаад  орон нутаг дахь сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах,  сонгогчдын сонгуульд оролцох оролцоог дээшлүүлэх, улс төрийн намуудын бүртгэл, тэдгээрийн санхүүжилтийн асуудлыг хариуцдаг тухай ярив.

 

 Мөн сонгогчид санал авах байранд өөрийн биеэр ирж саналаа өгөхөөс гадна шуудангаар санал өгөх боломжтой бөгөөд ийм сонгогчид 15-20 хувь нь байдаг аж. Түүнээс гадна сонгуулийн санал тооллогын үед нэлээд маргаан гардаг байсан учраас үүнийг таслан зогсоохоор сонгуулийн санал авах, тоолох үйл ажиллагаанд автоматжуулсан төхөөрөмжийг 2007 оноос ашиглаж эхэлжээ.

 

Улс төрийн  намууд нь аудитын байгууллагаар хянагдсан санхүүгийн тайлан, намын талаарх шинэчилсэн мэдээллээ жил бүр Сонгуулийн хороонд хүргүүлж Сонгуулийн хороо нь тэдгээрийг нэгтгэн нийтэд мэдээлдэг гэнэ.

 

Уулзалтад оролцогсод цаашид хоёр орны сонгуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх энэ хүрээнд туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин