Цэргийн ажиллагааны үеэр 50 хүн амиа алдлаа
2016-02-16

Турк болон Франц улс өчигдрөөс эхлэн Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй зэвсэгт бүлэглэлүүдэд агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Тэгвэл өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр Сирийн нэгэн эмнэлэг дайралтад өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ.

 

"Пуужингийн цохилтод өртсөн эмнэлэгт 100 гаруй хүн хэвтэн эмчлүүж байсан. Цэргийн ажиллагааны үеэр 50 орчим хүн амиа алдсан" хэмээн НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.

 

Туркийн Гадаад хэргийн яам уг асуудалтай холбоогүй гэдгээ мэдэгдэж, халдлагын буруутанг Оросууд гэжээ. Одоогоор Москва дээрх цэргийн ажиллагаатай холбоотой мэдэгдэл хийгээгүй байна.

 

“Олон улс хэт даврагчдыг устгах нэрийдлээр энгийн иргэдийг хохироож, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын “Дайныг зогсоох” төлөвлөгөө хэрэгжихгүй байна” хэмээн НҮБ мэдэгджээ.

 

Өнгөрөгч долоо хоногт АНУ, ОХУ болон Сирийн холбоотон орны удирдлагууд Мюнхен хотноо чуулж Сирид гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан билээ. Хэлэлцээрийн дагуу өчигдрөөс эхлэн Сирид цохилт өгч буй орнууд, Сирийн сөрөг хүчин болон дэмжигчид галт зэвсгээсээ татгалзах ёстой байсан юм.

 

“Гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй байхад уг хэлэлцээр хүчингүй боллоо” хэмээн НҮБ-аас мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин