Дотоодын үйлдвэрийг татварын бодлогоор дэмжинэ
2016-04-11

Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран  “Хөгжилд хүрэх зам-2016” үзэсгэлэнг өнөөдөр Аж үйлдвэрийн яамны үзэсгэлэнгийн танхимд /2016.04.11/ зохион байгууллаа. Үзэсгэлэнд төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн салбарын 50 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. “Хөгжилд хүрэх зам” үзэсгэлэнг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар үзэж танилцсан юм. 

 

 

УИХ-ын дарга З.Энхболд “Үйлдвэржилтийг дэмжих тухай” хууль батлагдсанаас хойш олон ажил хийгдсэн. Үйлдвэрлэгч нартай уулзаад явж байхад гурван зүйлийг ярьж байна. Нэгдүгээрт, манай үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнд татвар нэмэх, хоёрдугаарт энэ үйлдвэрлэлийг явуулахад хэрэглэж байгаа сэлбэг түүхий эдийг татвараас чөлөөлөх, гуравдугаарт угсралтын эд ангийг татвараас чөлөөлвөл дотооддоо бүх зүйлийг хийх боломжтой талаар ярьж байна. Цаашид дотоодынхоо үйлдвэрийг 5-10 жил татварын бодлогоор дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч ажиллана”  гэдгээ илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат салбарын сайдын хувьд  монголчууд өөрсдийнхөө боломжоор бүхнийг хийж бүтээж чадаж байна гэдгийг онцлоод “Цаашид суурь аж үйлдвэр хөгжүүлэх нь бидний тулгамдсан асуудал. Үндсэн суурь  аж үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал гэдгийг өнөөдрийн үзэсгэлэн харууллаа. Үзэсгэлэнгээс харахад бид хийж, угсарч сурч байна. Гадны зүйлийг дотооддоо угсарна гэдэг сайн тал. Нөгөөтэйгүүр үндсэн түүхий эд нь ган хайлш, ган төмөр. Төмрийг хийгээд, үүнийг дагасан олон үйлдвэрийг байгуулахгүйгээр бид цаашаа зогсонги байдалд орно шүү гэдгийг манай үйлдвэрлэгчид хэлж байна” гэсэн юм.  

 

 

Shuud.mn
Сонин хачин