Нэг өдрийн дотор 247 хүн амиа алдлаа
2016-08-25

Италийн төвийн хэсгээр газар хөдлөлт болж, олон хүн амиа алджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын нэг болох Итали улс байгалийн гамшгийн өмнө өвдөг сөгдлөө. Тус улсын төвийн хэсэгт өчигдөр 3.36 цагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн амиа алджээ. Өнөө өглөөний 8.00 цагт газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 159-д хүрээд байсан. Тэгвэл газар хөдлөлтөөр амиа алдсан иргэдийн тоо 247-д хүрч, 368 хүн бэртсэн талаар албаныхан мэдээллээ.

 

Газар хөдлөлт хүмүүсийн амийг авч одсоноос гадна нэг хотыг газрын хөрснөөс арчиж, “яг л дайны үеийг санагдуулам зураглалыг бий болголоо” хэмээн “AFP” агентлаг мэдээлжээ. Лацио мужийн Аматриче хотын бүх барилга байгууламж нурж, дахин ашиглах боломжгүй боллоо. Амиа алдагсдын ихэнх нь тус хотын иргэд бөгөөд хотын удирдлагууд эрх баригчдаасаа тусламж хүсчээ.

 

Хотын дарга “CNN” агентлагт “Хэрхэхээ мэдэхгүй гацаад байна. Эрх баригчид бидэнд туслахаас өөр сонголтгүй боллоо. Хот даяар цэвэр ус, эм тарианы хомсдол үүсээд байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн амиа алдагсдын тоо нэмэгдэхийг сануулж, “Маш олон хүн сураггүй болсон. Эдгээр нурангийн дор хэдэн хүн байгааг бурхан мэдэх байх. Цагдаагийнхан сураггүй болсон иргэдийн мэдээллийг цуглуулж эхэлсэн” гэсэн байна.

 

Эрүүл мэндийн сайд эхний ээлжинд хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд тусламж үзүүлж, шаардлагатай эмчилгээ хийхийг гамшгийн бүсэд ажиллаж буй аврагчдад уриалжээ. Амиа алдагсдын 50 орчим нь бага насны хүүхдүүд гэнэ. Аврагчид саяхан нэгэн барилга дороос 18 сартай хүүгийн цогцсыг олсон нь италичуудыг эмзэглүүлжээ. Мөн 24 цаг нуранги дор байсан найман настай охиныг олсон байна. Интернэт хэрэглэгчид Италийн Геологи судалгааны төвийг их муу ажиллаж, иргэдийг урьдчилсан мэдээллээр хангаж чадаагүй хэмээн буруутгав.  

 

Газар хөдлөлтийн улмаас Итали хэр хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байна. Засгийн газрын нэг төлөөлөгч “Хохирлын хэмжээ тэрбум еврогоор хэмжигдэх болно” гэж мэдэгджээ. Өнөөг хүртэл Ерөнхийлөгч байгалийн гамшигтай холбоотойгоор мэдэгдэл хийгээгүй байна. Харин Ерөнхий сайд гамшигт өртсөн хотын удирдлагуудтай утсаар холбогдож, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн талаар Италийн “ANSA” агентлаг мэдээллээ. “Ерөнхийлөгч энэ өдрийг гашуудлын өдөр болгож магадгүй” хэмээн мэдээлж байна.

 

 

“Ерөнхийлөгч орон нутгийн цагаар 17.00 цагт төв телевизээр мэдээлэл хийх болно” гэж төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Хэвлэлийнхэн өчигдрийн газар хөдлөлтийг Балба, Пакистан болон Энэтхэгийн хил орчимд болсон газар хөдлөлттэй зүйрлэсэн байна. Балбын газар хөдлөлтөөр 1800 орчим хүн амиа алдсан бол хил дээр болсон газар хөдлөлтөөр 300 орчим хүн амиа алджээ.

 

Италийн Акуилла хотод 2009 онд 6.4 баллын газар хөдлөлт болж, 300 орчим хүн амиа алдсан юм. Газар хөдлөлтөөр Акуилла хотын ихэнх барилга нурсан бөгөөд италичууд нэгэн баг болж ажиллаж, хоёр сар гаруйн хугацаанд хотыг өмнөх шиг нь болгож байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн хамгийн хүчирхэг сэтгүүлч Дэлгэрцэцэг.
2016-08-27
Зочин:
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох Итали улс ??
2016-08-25