Жорж Клуни: Сайхан хос салж байгаа нь харамсалтай
2016-09-29

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн “Peopleсэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Мөнгөний мангас” кинонд тоглосон юм.

 

 

-Та гэргий Амал Клунигийн хамтаар Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулганд оролцсон. Та хоёр энэхүү чуулга уулзалтын тод гэрэлтсэн од байлаа. Чуулганд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Баярлалаа. Хэдэн өдрийг олон орны төлөөлөгчтэй хамт өнгөрүүллээ. Олон ч найз, олон ч хамтрагчтай боллоо. Надад олон зүйлийг бодуулсан уулзалт байлаа. Ерөнхийдөө дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлуудыг ойроос харах, мэдрэх боломж олдсон гэхэд болно. Би хэвлэлээр тэдний талаарх нарийн тоо баримтыг олж мэдэж чадахгүй. Харин энэ уулзалтаар бүх зүйлийг дэлгэрэнгүйгээр мэдэж авлаа. Зарим тоо намайг айлгасан, зарим тоо намайг баярлуулсан. Мэдээж хэрэг дүрвэгсдийн асуудал миний сэтгэлийг өвтгөж байгаа. Тэдний тоо цаг, минутаар нэмэгдэж байгааг харах их хэцүү байлаа. Би Газар дундын тэнгист завьтай осолдсон цагаачдын бичлэгийг үзсэн. Өлгийтэй хүүхэд амиа алдсан байхыг хараад “Бурхан яагаад ийм хэрцгий юм бэ” гэж бодсон. Үнэхээр харамсалтай.

 

-Та өнгөрсөн оноос Европын орнуудад ирсэн дүрвэгсдийн төлөөлөлтэй уулзах болсон?

 

-Хүмүүс намайг яагаад ингэтлээ өөрчлөгдөв өө гэдэг. Гэнэт л дүрвэгсэдтэй уулзаж, сайн баатрын дүр бүтээх болсон нь бусдад таалагдахгүй байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд, тэдний буруу сэтгэгдэл миний үйл хэргийг зогсоож чадахгүй гэдгийг мэдэгдэж байна. Өнөөдөр надад таалагдаж байгаа учир үүнийг үргэлжлүүлсээр байх болно. Би 1998 онд НҮБ-ын сайн санааны элчээр сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд таван ч элчээр сонгогдсон. Тиймээс намайг жүжиглэж байна хэмээн бодох хэрэггүй. Би ажлаа л хийж байна. Зураг авалтын талбайд байгаа Клуниг шүүмжлэхгүй мөртлөө дүрвэгсэдтэй уулзаж байгаа Клуниг шүүмжлэх нь утгагүй хэрэг.

 

-Та сайн уран бүтээлч учир шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг байх?

 

-/инээв/ Би олон шүүмжлэгчтэй уулзаж байсан. Гэхдээ та магтаж байгаагүй.

 

-Британийн өмгөөлөгч Амалтай хуримаа хийснээр таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн гэсэн.

 

-Тийм ээ, эхнэр минь намайг өөрчилсөн гэж болно. Тэр их үзэсгэлэнтэй бас ухаантай.

 

-Хуримаа хийгээд та хоёр хэдийнэ хоёр жил болжээ.

 

-Цаг хугацаа хурдан юм. Үнэхээр хурдан юм. Яг л дарвуулт завин дээр суугаад явж байгаа мэт.

 

-Та хоёр баяраа хэрхэн өнгөрүүлэв?

 

-Бусад гэр бүлийн адилаар. Амттай хоол идэж, ирээдүйнхээ талаар ярилцсан. Мэдээж хэрэг бид их ажилтай байдаг тул ярилцах сэдэв их байсан.

 

-Хэзээ хүүхэдтэй болох вэ?

 

-Мэдэхгүй байна.

 

 

-НҮБ-ын чуулганд оролцож буй таныг хараад улс төрд орох сонирхолтой байна гэж ойлгосон. Улс төрд хүч үзэх сонирхол байна уу?

 

-Би энэ талаар бодож үзсэн. Гэхдээ би хүсэхгүй байна.

 

-Америкийн 400 иргэн тутмын нэг нь таныг “Ерөнхийлөгч болоход тохирно” гэдэг. Харин 40 иргэн тутмын нэг нь “Таныг улстөрч болоход тохирно” гэдэг. Таныг Америкчууд улс төрд гаргах туйлын сонирхолтой байна?

 

-Үнэнийг хэлэхэд, надад улстөрч болох ямар ч туршлага байхгүй. Улс төрд улстөрч хүн орох ёстой. Сайтар бэлтгэгдсэн хүн улстөрч болох хэрэгтэй. Харин алдартай байлаа гээд улс төрд гарах эрхгүй. Би алдартай. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би улс төрийн ачаар бус кино урлагийн ачаар алдаршсан. Энэ хоёр бол өөр ойлголт.

 

-Хэзээ ч улс төрд орохгүй гэсэн үг үү?

 

-Мэдэхгүй юм. Хэзээ нэгэн цагт бодол минь өөрчлөгдөж болно. Ер  нь миний дотоод хүн ихэнх чухал шийдвэрийг гаргадаг.

 

-Сүүлийн үеийн асуудлаар асуумаар байна. Таны дотны анд Брэд Питт эхнэр Анжелина Жолигоо салсан. Энэ талаар?

 

-Үнэхээр харамсалтай байна. Тэд үнэхээр тохирсон хос байсан. Би НҮБ-ын чуулганы үеэр тэдний тухай сонсоод үнэхээр балмагдсан.

 

-Жоли яагаад Брэдээс салах шийдвэр гаргав. Мэдэж байгаа зүйл бий юу?

 

-Мэдэж байгаа зүйл байхгүй. Сайхан хос салж байгаа нь харамсалтай байна. Өөр хэлэх зүйл алга.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
МАНАЙ МАНГАРУУД СУРАЛЦ:
Улс төрд улстөрч хүн орох ёстой. Сайтар бэлтгэгдсэн хүн улстөрч болох хэрэгтэй. Харин алдартай байлаа гээд улс төрд гарах эрхгүй. Би алдартай. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би улс төрийн ачаар бус кино урлагийн ачаар алдаршсан. Энэ хоёр бол өөр ойлголт.
2016-09-29
Зочин:
ИЙМ МУНДАГ БАЙНА ШУУ ДЭЭ! ! ! Нэгэн уеийн жужэгчид нэг нэгнийгээ ийм гое хамгаалж байна. Манайх байсан бол яах байсан бол оо! ! ! ! Болсон болоогуй юм мэдэж яриад .Ийм л учираас бидэнд сурах юм их байна шуу дээ! ! !
2016-09-29