МҮОНРТ-ийг Засгийн харъяанд ажиллуулах хэрэгтэй
2016-12-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавын нэрийг дэвшүүлжээ. МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр А.Мөнхбатыг чөлөөлж, Х.Чилаажавыг томилохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт  тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Н.Энхбаярын Ерөнхийлөгч байх үе, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үед 2005 онд Олон нийтийн радио телевизийн хууль, Улс төрийн намын тухай хууль батлагдсан. Хууль батлагдвал улс төрөөс хол байх юм болов уу гэж бодсон чинь бүүр гаарсан. Х.Чилаажав тэр үед Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож байсан. Энэ зөвлөлийн гишүүд цалин хангамж авдаг. Ил далд улс төрийн хаялга нь арилдаггүй юм бол хуулийг нь хүчингүй болгочихвол ямар вэ. Хуучин эрх баригчдын хэмжээнд мэдэлд байхаар оруулах хэрэгтэй. Эрх баригчдын үүргийг гүйцэтгэдэг болоод байна. Муу нуухаар сайн илчил гэгчээр Засгийн газрын харъяанд нь агентлаг хэлбэрээр  ажиллах хэрэгтэй. Энэ жил Эрдэнэтийн луйвар явагдаж байх үед Эрдэнэт үйлдвэр олимпийг ивээн тэтгэлээ гээд байсан. Гэтэл тэр үед 2016 оны долдугаар сараас 2017 оны долдугаар сар хүртэл 500 сая төгрөгийн хаалтын гэрээ авсан байна. Энэ мэт зүйлээ таслан зогсоож чадах уу. Чаддагүй юм бол Олон нийтийн радио телевизийг хуучин хэлбэрээр нь ажиллуулах хэрэгтэй.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Цаг хугацааны хувьд давхацсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуул хэр хэрэгжиж байгааг шалгалаа. Зөрчил их байна. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ байгууллагын даргаар өөр албан тушаал хавсарч ажиллаж байсан хүнийг томилсон байна. Уг нь энэ хуулиараа явбал зүгээр. Харамсалтай нь Үндэсний зөвлөл нь хуулиа дагаж мөрдүүлэхгүй байна. Шаардлагатай бол хуулинд зарим өөрчлөлт оруулж болно.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Олон нийтийн телевизийг арилжааны телевиз шиг сурталчилгаа хийхгүй гээд эрх баригчид мэдэлдээ авдаг. Өнөөдөр Дорнодод дөрвөн хүн нас барсан байхад хэн ч мэдээлэхгүй байна. Хилийн асуудал ноцтой хөндөгдөж байна. Үнэхээр ноцтой зүйл болсон бол Үндэсний зөвлөлдөх хорооноос ямар ч мэдэгдэл байхгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн нь “Та Ц.Оюундарьтай уулзсанаас хойш телевизээр гардаг болсон шүү” гээд яриад явж байдаг.  Энэ телевизийг ялсан намын телевиз болгочих эсвэл ард түмний телевиз болгоё. Өнөөдөр нэр дэвшиж байгаа хүн ч өмнө нь ажиллаж байгаа үр дүн гаргаагүй юм байна. Ажлын тайланг харахад гомдогсдын үгийг зөрчил гээд тавьчихсан байна. Ийм байдалтай дүгнэлт орж ирснийг Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байна вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд ногдсон. Өнгөрсөн дөрвөн жил хууль зөрчигдсөн. Бид хуулиа дээдлэх ёстой. Цаашдаа ч бусад газруудад  шалгалт явуулна. Үр дүн гарна. Энэ шалгалт хүний тухай шалгалт байгаагүй. Дүгнэлт дээр хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж бичээгүй. Байнгын хороо хэн нэгний гэмт хэрэг хийснийг тогтоодоггүй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаалтын гэрээ гэдэг чинь авилгал биздээ Нөгөө хэвлэл мэдээллийн ил тод байдал хаана байна аа Бүх улс төрчид бүх хэвлэл мэдээлэлтэй хаалтын гэрээтэй ажиллаж байна
2016-12-01