Парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-06-07

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.07) Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нарыг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Кордт Хансен, Томас Сндергард нарыг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов.

 

Тэрбээр “Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш явагдаж байна. Та бүхэн энд байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна. Дани Улсаас суралцах зүйлс бидэнд бий. Мөн биднээс суралцах зүйлс ч танайд бий гэж бодож байна.”

 

Ноён Кордт Хансен УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд ирсэн зорилго, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.

 

Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/ нь нэг танхимтай, 179 гишүүнтэй, 32 байнгын хороотой. Дөрвөн жил тутамд сонгууль явагддаг бөгөөд Ерөнхий сайд сонгуулийн хугацааг товлон зарладаг гэж Кордт Хансен хэлж байв.

 

Тэрбээр Монголд УИХ-ын үйл ажиллагааг телевизийн шууд эфирээр дамжуулан иргэдэд хүргэдэг эсэх, төрийн үйл хэрэгт ард иргэдийн оролцоог хэрхэн хангадаг талаар асуулт асууж, хариулт авсан юм.

 

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин