Налайхын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон нээгдлээ
2017-11-02

 

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон хороод хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

 

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Дүүрэг, эх орны маань гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд, залуучуудын маань цоо шинэхэн орд өргөөний нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хүүхэд залуучууд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Учир нь будаг нь үнэртсэн, хүүхэд залуучуудын маань эрдэм дэлгэрсэн энэ орд өргөө өндөр үүдээ нээж байгаа нь бидний баяр билээ.

 

Манай Налайх дүүрэг бол хүүхэд, залуусын дүүрэг. Дүүргийн нийт хүн амын 32 хувийг 0-15 насны хүүхэд, 57 хувийг хөдөлмөрийн насны хүн ам, залуучууд эзэлдэг. Жил тутам 900 орчим хүүхэд шинээр мэндэлж байна.

 

Хэдхэн хоногийн өмнө дүүрэгт маань 50 ортой хүүхдийн эмнэлэг үүдээ нээсэн бол өнөөдөр нийгмийн хамгийн чухал хэсэг болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын ордон маань ашиглалтанд орж нээлтээ хийж байна.

 

Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай. Энэхүү орд өргөөнд хүүхэд бүрийн инээд цалгилж, эрдэм номын буян дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

 

Тус барилгын ажлыг 2,8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Цэцэн гэрс” ХХК хийж гүйцэтгэн ийнхүү хүлээлгэн өгч байна.

 

Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс шинэхэн орд өргөөний нэг танхимыг тохижуулахыг даалгавар болгон нэг сая 500 мянган төгрөг гардуулан өглөө.

 

Ийнхүү нийгмийн хамгийн чухал нэгж болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн орд өргөө дүүрэгт үүдээ нээлээ гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин