Д.Баттулга, Х.Болормаа нар Сүхбаатар дүүргийг төрлөөрөө дүүргэлээ
2018-05-21

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын хууль зөрчсөн талаарх 150 хуудас материалыг АТГ-т өгсөн ч алга болсон. Тиймээс хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлснийхээ дараа дахин АТГ-т хандахаа Чингэлтэй дүүргийн иргэн Д.Лхагвадорж мэдэгдлээ.

 

Тэрбээр Д.Баттулга, Х.Болормаа нар хууль бусаар ажиллаж, төсвийн мөнгийг үргүй зарж, төрийн албыг төрлийн алба  болгож буй талаар мэдээлэв. “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгын бэр. Тамгын газрын дарга Н.Энхболд мөн л хамаатан нь. Н.Энхболдын гэр бүлийн хүн нь гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн. Хорооны Засаг дарга, хуулийн хэлтсийн дарга, зөвлөх нь зэргээр бүгд хамаатан. Ингэж Сүхбаатар дүүрэг Д.Баттулга, Х.Болормаа нарын тойрон хүрээлэгчдээр дүүрлээ. Төрийн албан хаагчид хэзээ халагдахаа мэдэхгүй байна гэсэн айдастай байдаг” гэсэн мэдээллийг өгөв.

 

Мөн тэрбээр төсвийг мөнгийг хэрхэн үргүй зарж буй талаар мэдээлэв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нэг хүнд зориулсан гүүр барьсан. Аливаа баярыг 100 гаруй сая төгрөгөөр тэмдэглэдэг. Хувийн компаниа ялуулахын тулд тендерийг будилуулдаг гэх мэт баримтыг хэлж байна.

 

Энэ мэтээр Сүхбаатар дүүргийн удирдлагын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрсэн учраас АТГ-т дахин хандаж, шалгуулахаар болсноо иргэн Д.Лхагвадорж мэдэгдлээ.

 

Б.Учрал  

Shuud.mn
Сонин хачин