ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрсэн бол...?
2018-11-13

ЖДҮХС-ийн зээл хүрэх ёстой эзэддээ хүрсэн бол жинхнээсээ жижиг дунд үйлдвэрлэл хөгжих байсан даа. Үйлдвэрлэгчид хийж чаддаггүй биш, хийдэг. Гагцхүү төрийн дэмжлэг л хэрэгтэй байгааг хаа хаанаа учирласаар ирсэн.  

 

Төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дотооддоо автобус үйлдвэрлэнэ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хамгийн сүүлийн жишээ БНХАУ-аас сэлбэг, хэрэгслийг нь цуглуулж ирж угсарчихаад автобус үйлдвэрлэсэн тухай баахан шүүмжилсэн. Үйлдвэрлэсэн үү, угсарсан уу гэдэгт хариулт хайж өмнө нь “Монгол машин байгууламж” ХХК-аас сурвалжлага бэлтгэсэн удаатай.

 

Тухайн үед үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун “Монголд төмөрлөгийн үйлдвэр хөгжөөгүй учраас дотооддоо квадрат төмөр л хийж чадахгүй байна шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр зөвхөн арматур төмөр л хийж байна. Монголд төмрийн үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа учраас төмрүүдийг гаднаас авч байна. Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй байна. Тэгвэл бид заавал гадаадаас төмөр авах хэрэгцээ алга. Монголчууд бие биндээ урам өгөөд эх орон ч худалдан авалт хийгээд эхэлбэл үйлдвэрлэл хөгжихөд бэлэн байна” хэмээж байсан.

 

Төмрийг нь дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол улсаасаа л авч, улсдаа бүтээгээд нүүр бардам “Бид үйлдвэрлэсэн” гээд зогсож байх байсныг тэр хэлсэн. Нээрэн ч тийм биз. Төмөрлөгийн үйлдвэрлэлээ дэмжээд өгвөл Монголчууд өнөөдөр өөрсдөө автобусаа үйлдвэрлэхэд бэлэн аж.

 

Хаягдал дугуйг дахин боловсруулж резинэн хавтангаар дотоодын хэрэгцээгээ хангана

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс хог хаягдлыг дахин боловсруулах 21 үйлдвэртэй. Үүнээс хаягдал дугуйг дахин боловсруулдаг хоёр компани байдаг байна. Тэд хаягдал дугуйг дахин боловсруулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн зам, резинэн хавтанг хийж байна. Гэвч тус үйлдвэрүүдийн хүчин чадал, ажиллах хүч цөөн тул багахан хэмжээний л үйлдвэрлэл явуулдаг байгаа юм.

 

Хаягдал дугуйг дахин боловсруулж резинэн хавтан үйлдвэрлэдэг “Инахис” компанийн захирал Н.Мөнхбаяр “Манай компанийн хувьд монголдоо хүүхдийн тоглоомын резин хавтан үйлдвэрлээд 10 гаруй жил болж байна. Манай үйлдвэр хаягдал дугуйг дахин боловсруулж, бутлаад түүгээр 14 нэр төрлийн резин хавтан үйлдвэрлэдэг. Манайх 2015 оноос хойш ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлэнд гурван удаа хамрагдах хүсэлтээ өгсөн ч, хамрагдаж чадаагүй. Хамгийн сүүлд 2017 онд хүсэлтээ өгсөн.

 

Зээл авах шалтгаан нь одоогоор манай үйлдвэр цагт 150 дугуйг бутлах хүчин чадалтай. Одоо харин цагт 300 дугуй бутлаж, буталснаараа резинтэй холбоотой бүхий л бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэхүйц хэмжээнд хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор зээлэнд хамрагдахыг хүссэн боловч гурван жил хөөцөлдөөд бүтээгүй. Манай үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 8 сая орчим дугуйг байгальд ээлтэй аргаад устгачихаад байна. Өвөл болохоор гэр хорооллын өрхүүд дугуйг шатааж, энэ нь байгальд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг байгальд ээлтэй аргаар устгаж, дахин боловсруулах нь чухал юм. Анх үйлдвэр байгуулахад 16 хүнтэй байсан ч одоо дөрөвхөн хүнтэй болсон. Ихэнхи ажилчдаа солонгос руу алдаад дуусч байна” хэмээж байсан.

 

ЖДҮХС-ийн зээл түүнд хүрсэн бол өнөөдөр резинэн хавтанг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүхэлд нь хангаж чадахуйц хэмжээнд ажил явагдах байсныг тэр хэлсэн.

 

Утааг бууруулах арга олсон ч дэмжээгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах урагштай арга олдохгүй өнөөг хүрлээ. 2017 онд “Эй Пи Ти Монголиа” компанийн монгол инженерүүд агаар цэвэршүүлэх “Цэвэр агаарын Баянбүрд 02” цамхаг зохион бүтээж байв.

 

Тус компанийн захирал Т.Зая  “Цэвэр агаарын Баянбүрд” гэх энэхүү төхөөрөмжийг “Хөргөлт сервис” ХХК-ийн агаар сэлгэлтийн инженерүүдтэй хамтран зохион бүтээсэн. Энэхүү төхөөрөмж  маань  бохир утааг сорон авч ионжуулсан цэвэр агаар болгон гаргадаг агаар цэвэрлэгч цамхаг юм. “Цэвэр Агаарын Баянбүрд”-ыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбайд олноор бий болгосноор тухайн орчны агаар үргэлж цэвэр байж, хүүхэд багачууд амьсгалын замын өвчлөл, хорт утаанаас хамгаалагдах бүрэн боломжтой. Энэхүү цамхаг нь агаарын бохирдлыг хүний амьсгалах хэмжээнд хүрэхээс нь өмнө буюу 3,5-7 метрийн өндөрт татан авч цэвэрлэн 2,5 метрээс доош цэвэр агаар өгөх зориулалттай. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1 цагт 50,000м3 агаар цэвэрлэнэ. Энэ нь 1 цагт 1500 айлын яндангаас гарч буй утааг иж бүрэн цэвэрлэж байгаатай тэнцэнэ.

 

Одоо улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт л хэрэгтэй байна. Агаарын бохирдлын эсрэг шинэлэг санаа, залуусын оролцоог төр засаг дэмжээд өгөөсэй л гэж хүсэх байна. Шинээр зохион бүтээх санаа нь байдаг хэр нь амьдралд хэрэгжүүлэх гэхээр хөрөнгө мөнгө нь байдаггүй явдал зөндөөн байна. Дэмжээд өгдөг бол олон залууст шинэ, шинэлэг санаа шийдэл байна. Шинээр зохион бүтээж буй залуусаа дэмжиж байж манай улс хөгжих болов уу гэж боддог” хэмээж байсан.

 

Тухайн үед Т.Зая “Хэрэв Нийслэлийн засаг дарга, Агаарын бохирдлын газар, БОАЖЯ-тай тохиролцод хүрч чадвал бид сардаа 50-60 ширхэгийг үйлдвэрлэж гаргах бүрэн боломжтой байгаа юм. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч бэлэн байгаа” хэмээн учирлаж байлаа. Харамсалтай нь түүнд хэрэгтэй дэмжлэг, хөрөнгө оруулалт нь хүрээгүй тул утааг арилгах цамхагтайгаа, дэврүүн мөрөөдлөө хамтад нь орхисон.

 

Энэ мэтчилэн олон залуус санаа нь байвч санхүү нь байхгүй учраас “мөрөөдлөө” унтраасан биз. Гэтэл тэдэнд хэрэгтэй хөрөнгө мөнгийг төрийн түшээдийн эхнэр, хүүхэд, хамаатан садан нь хуваан хүртэж, үнэтэй машин, тансаг байшин худалдаад авчихсан нь даанч дээ гэмээр.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Хувийнхаа эрх ашгийг ард түмнийхээ эрх ашгийн дээр тавьсан ийм ёс зүйгүй эрхэм гишүүд УИХ-н гишүүнийхээ тангаргыг зөрчсөн цаашид ямар нүүрээрээ УИХ-д ард түмнийхээ эрх ашгийг дээдлэнэ гээд суууж чадаж байнааа. Соц-ийн үед бол шууд шоронд. Тэр үеийн дарга нар өндөр ёс зүйтэй улс орныхоо төлөө өөрийгөө золиосолсон хүмүүс байсан юм шүү. Санаж ав Дурсаж яв
2018-11-13
20 ond:
20 ond ahiad martchihsan uneg shig mgl chuud songool gargaad irne dee ayga guril atga chihereer amidralaa soliod surchihsan erguu uhernuud shuu dee yag unendee bid nar
2018-11-13