Монгол бүжигчин дэлхийн аварга боллоо
2018-12-04

БНХАУ-д энэ сарын 2-ны өдөр болсон латин америк бүжгийн ДАШТ-д Нэргүйн Онондарийн бүрэлдэхүүнд нь багтсан, Германы “Grun gold” хамтлагийнхан түрүүлжээ. Ийнхүү бүжгийн спортоор 17 жилийн турш тууштай хичээллэсэн Герман Улсын Берлин хотод спортын сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг Н.Онондарь Монголын бүжгийн спортын түүхэнд дэлхийн анхны аварга боллоо.

 

 

Спортын хүрээнийхэн Дарико гэдэг нэрээр нь илүү сайн мэдэх Н.Онондарь таван настайгаасаа хойш эл спортоор хичээллэж буй бөгөөд УАШТ-нд олон удаа тэргүүн байр эзэлж байсан. 2012 онд ДАШТ-д “Стар” хамтлагийн бүрэлдэхүүнд багтан оролцохдоо аравдугаар байрт шалгарч байсан удаатай. 


Н.Онондарь өөрийн цахим хуудсандаа “ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулж, ойлгуулж буй мэт. 17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй эцэг, эхийн маань хөдөлмөр энэ амжилтад нөлөөлсөн. 2018 он тэр чигээрээ олон зүйлийг дагуулсан хатуу жил байлаа, миний хувьд. Хичээл, бэлтгэл, ажил гурвыг зэрэг амжуулахаас гадна хамгийн чухал нь тэдгээрийг сайн гүйцэтгэх нь чанга байлаа. Уйлаад орондоо орсон маш олон өдөр байсан ч маргааш нь өглөө нь бүр шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, тэвчээртэй, хүчирхэг болсоор иржээ. Мэдээж хүний нутагт амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр, гурав дахин хэцүү, өрсөлдөөнтэй юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Өөрийнхөө сул талуудаа харж, мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болсон юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж байгаагүй хэцүү саад, бэрхшээл дараалан гарч ирсэн ч... Энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй хүн гэдгээ мэдсэн...” хэмээн нийтэлжээ.

 

Дашрамд сонирхуулахад өнөө жил энэхүү ДАШТ-д Монголоос оролцсон “Star dance”, “Moon dance” хамтлагийнхан хагас шигшээд шалгарчээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин