Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтыг зохион байгуулна
2019-02-18

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх 4 дүгээр сарын 24-26ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргэж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж нар мэдээлэл өглөө.

 

 

Гамшгаас хамгаалах сургуулилтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм. Мөн нүүн шилжих дадлага сургуулилт хийнэ. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлж энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдана.

 

Улаанбаатар хотын аюулгүй цэг талбайг нийслэлийн ИТХ-аар тогтоосон. Үүнд 40 гаруй цэг байгаа. Өмнөх сургалтад ихэвчлэн аж ахуй нэгж, албан байгууллага хамрагддаг байсан бол энэ удаагийн сургалтад иргэдийг бүгдийг хамруулах юм. Ингэхдээ иргэдэд газар хөдлөлтийн үед хэрхэн биеэ хамгаалах зөвлөмж хүргэнэ. Мөн тухайн орон сууцнаас гараад ямар чиглэл, маршрутаар явж цэг талбайд очих талаар газрын зураг гаргах юм. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хагас өдрийн хугацаанд уг сургалт зохион байгуулагдана. Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. Нүүлгэн шилжүүлэх сургуулилт төвийн 6 дүүрэг тус бүрт аюулгүй байрлах сонгогдсон цэгт хийгдэнэ. Мөн эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалтыг зохион байгуулах юм. Мөн нийслэлд байгаа томоохон нэгдсэн эмнэлгүүд, төрийн, цэргийн эмнэлгүүдийг хээрийн эмнэлэг дэлгэж, бэлэн байдлыг шалгах юм. Газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн үед шат шатны байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь уг сургалтын томоохон зорилго юм.

 

Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр шат шатны сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Мөн ОБЕГ-ын зүгээс НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын албанд хамтран ажиллах санал хүргүүлэх юм. Тус байгууллагын дэргэд 11 кластерын төлөвлөгөө байдаг. Гамшгийн үед хамтран ажиллах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж, цаашид төлөвлөгөөг зохион байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалт иргэдийн оролцоонд тулгуурласан Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан сургалт болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин