Автобус №2                  
2019-05-03
Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

- Бороо ороосой тэ?

- Харин тийм ээ. Борооны үнэр ч гоё шүү.

 

Хажууд зогссон дүрэмт хувцастай ахлах ангийн бололтой охидуудын эл яриаг сонсоод их хотын өнгө муутайхан энэ өглөөг “угааж” гэнэт бороо орвол нээрэн гоё оо. Тэгвэл ажил аяндаа бүтэх мэт санагдаж, тэсэлгүй инээд алдмаар ч болох шиг. Уншигч танд бодол өнжүүлсэн бүүдгэр өдрийн мэнд хүргэе. Ээлжит автобус тэмдэглэл эхэлж байна.

 

Хоёр охин өнөөдөр чухал шалгалттай бололтой. “Ногоон эдийн засаг гэж юу вэ”, “Роботыг хэн анх бүтээсэн, яагаад зохиосон” гэгчлэн өөр хоорондоо ярилцаж, өрсөн асууж хариулж явлаа. Тэгснээ гэнэт ярианы сэдвээ өөрчилж нэг нь

 

- 14 настай охиныг хүчирхийлж жирэмсэн болгосон хүнд найман сарын ял оноосон гэж байна шт.

 

- Наадах чинь юу ч биш. 11 настай охиныг хүчиндэж алаад ууланд булчихсан байсан гэсэн шүү дээ.

 

- Ямар аймар юм бэ.

 

Охидууд хоёулаа Ipone гар утасны сүүлийн загварыг барьжээ, Түүнийгээ маажаад л маажаад л...Хичээлээ ч нэг уншаад, фэйсээ ч нэг ухаж явсаар Багшийн дээдийн автобусны буудал дээр бууж одлоо.

 

Банк нь дампуурцан, дүү ажилгүй болсон

 

Дараагийн сэдэв Капитал банкны дампуурал байв. Энэ удаад сонин, сэтгүүл нэлээд уншдаг, номын санд ч сууж ном уншдаг бололтой ерөөс болж буй үйл явдлаас хоцрохыг хүсдэггүй гэмээр хижээл насны хоёр ах автобусны суудалд тухалжээ.

 

СХД-ийн автобусны буудлаас суусан хоёр ах Хархорин хүртэл банк, санхүү, ажил амьдралын талаар их ч юм ярилаа.

 

- Капитал банк дампуураад манай Ганаа гэнэт ажилгүй болчихсон. Ажилгүй болчихсон гээд нэг их шаналсан хүн манайд байна.

 

- Өө тэгсэн үү. Тэр ч тэгээд гэнэт ажилгүй болсны мөнгө төгрөг өгч, дараагийн ажлын байр энэ тэрийг нь зохицуулах уу?

 

- Юун тийм юм байхав. Нэг өглөө л ажилдаа явлаа гээд гарсан орой нь ажилгүй болчихлоо гээд л ороод ирсэн. Тэгсэн ингэсэн гэнэ. Ажлаа хийгээд л сууж байтал гэнэт гаднаас баахан хар хувцастай хүмүүс орж ирээд л бүү хөдөл, юунд ч битгий хүр гээд л бараг нэг хүнийг арван хар хувцастай хүн сахиад зогсчихсон гэнэ. Тэгээд л бичиг, цаасыг нь шалгаж, битүүмжлээд одоо гарцгаа. Энэ банк чинь дампуурсан гэсэн юм байх. Кинон дээр гардаг шиг л юм болсон гэж ярина лээ.

 

- Өмнө нь мэдэгддэггүй юм байх даа?

 

- Хэн мэдэх вэ. Одоо тэгээд өөр банкинд теллер хийх гээд хайгаад л, анкет бөглөөд л яваад байгаа. Өнөөдүүл нь “дампуурцан банкны хүн авахгүй” гэхгүй байгаа даа.

 

- Үгүй байлгүй дээ. Банк нь дампуурснаас теллерүүд нь алдаа гаргасан биш гайгүй биз.

 

- Муусайн харуулуудыг нь хүртэл одоо бууцгаа, явцгаа гээд хөөгөөд байсан гэсэн. Манай Ганаагаас өөр өчнөөн хүн ажилгүй болж байгаа юм л даа.

 

- Хэцүү ч юм аа даа. Өмнө нь Анод банк бас дампуураад сүйд болж байгаагүй юу.

 

Махаа гаргаарай

 

Орой ажил тарах үед автобусанд суусан эгч нар хэн нэгэн рүү утас цохиж “махаа гаргаарай” гэж хэлэх нь олонтаа. Тор дүүрэн хүнс барьсан эгч автобусны хаалгаар багтаж ядан орж ирж эвтэйхэн байрлал олж зогсоод мөн л утсаар ярьж  байна.

 

- Махаа гаргаарай. Ээж нь очиж явна. /утасны цаанаас хаанаас, ямар мах гаргах тухай асууж байгаа бололтой/

 

- Хөргөгчний доод талд ногоон тортой өөхний хажууд цэнхэр ууттай мах бий дээ. Тэрнийг гарга.

 

- Наалдаад хөлдчихөж ээ? Ээ заза байж бай. Би өөрөө л очиж байгаад болохоос. Өнөөдөр цалин буусан болохгүй бол дэлгүүрээс хэдэн бууз аваад жигнээд идчихсэн ч яахав, амар. Аав чинь байна уу, заза...гэснээр утсаа залгав.

 

Эгчийн торны завсраар ургамлын тос, лууван, манжин, төмс, байцаа, жижиг савтай кетчуп ч харагдаж байна. Цалин буугаад хүнсээ цуглуулаад харьж яваа эгч цаанаа л нэг сайхан ааштай байгаа санагдана. Дуу аялан бохь дуугаргах нь үүнийг илтгэнэ.

 

Эгчийн адил олон эмэгтэйчүүд ингээд л хүнсээ цуглуулаад “амьдралаа үүрээд” явж л байгаа. Эгч хариад буузаа кетчуптайгаа хольж идээд амьдралын, ажлын "амтыг" мэдрэх байхдаа гэхээс тэднийд очиж хоол "буудмаар" ч санагдах шиг...Амьдрал сайхан даа. Өнөөдөр буузтай, маргааш бороотой өдөр хоногууд ээлжлэн хүмүүний амьдрал үргэлжилнэ...

 

Үргэлжлэл бий...

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Охид банди нар суудал дээртнүдээ аньж тухлаад хараагүй сонсоогүй царайлаад суудал тавьж өгөхөө байсан байналээ
2019-05-06
hehe:
chihevch zuuheer yadiin
2019-05-05
яг тийм шүү
2019-05-03
Автобус дотор ганцаараа яваа мэт бусдад төвөгтэй явдаг хүмүүсийн тухай бичээч, тэнэг юм шиг том үүргэвч ардаа үүрчихээд, чихэвч зүүчихсэн автобусны голд зогсчихдог,
2019-05-03
hehe:
chihevch zuuheer yadiin
яг тийм шүү
энэ зохиол уу
2019-05-03
Дөлгөөн:
Сайхан нийтлэл болжээ. Бүгдэд нь бүрхэг өдрийн мэнд
2019-05-03