Автобус №3
2019-05-10
Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Бороо хүлээсэн, бодол тээсэн өдрүүд алсран одож зуныг алгасаад шууд намар болчих вуу гэлтэй гадаа цувны хормой дэрвүүлээд цаанаа л хүйтэн байна.  “Зун ер нь болох нь уу” гэсэн хүлээлт дүүрэн асуултаар энэ өглөөг эхлүүллээ. Нээрэн зун болох юм уу?

 

1. Хэрүүлч жолооч

 

Бас л нэг “оргил” цагаар түмнийхээ унаагаар харьж явлаа. Сууж явсан автобусны толыг хажуугаар өнгөрсөн портерын жолооч шүргэчихээд давхиад явчихав. Манай жолооч ч сүрхий уурлан, хараал урсгаад дүүрэн хүнтэй автобусаар, түгжрэл дундуур сүлжсээр түүний хажууд очиж тоормослоод

 

- “Яаж байна аа чи муу, толь янзлаадах” хэмээн загнав. Өнөөх нь бас шийртэй эр юм. 

 

-“Хагалцан биш өөрөө янзлачихаач сүртэй юм бэ” гэчихээд бас л түгжрэл дундуур сүлжээд зугтчих нь тэр.

 

Манай хүн хараал урсгасаар өөрөө буун толио тэгшлээд орж ирэхэд автобус дүүрэн хүн “Хурдан яваач” гэж бас бачимдав.  Жолооч ах өнөөх залууд “өс” санасан бололтой хачин ууртай мулт дарж, огцом тоормослоод л мань хэдэн зорчигчдыг харин ч нэг элэг, бөөрнийх нь байрыг сольчих шахам давхихад манай "багийнхан" уурлаж “Согтуу юм уу, солиотой юм уу хүүе ээ, яаанаа” хэмээн бүгд л ам амандаа нэгийг хэлж явав. Харин хажууд зогссон ахимаг насны нэг ах тун тайвнаар “Цагаасаа хоцрох гээд л ингэж яваа байлгүй дээ. Тайван байцгаа” хэмээснээ гар утсаа авч “Хүүгийн хоол хөрчих вий. Халуун байлгаарай” гэж уяралтайхнаар хэлэх нь аав шиг минь санагдсан тэврээд авмаар болов.

 

2. Хариад “хяргуулна аа”         

          

Царай зүс барсгар, өмссөн цамц нь ч бага зэрэг үрчийсэн залуугийн байдал тун тоогүй байгаа бололтой эхнэртэйгээ утсаар ярина. Түүний “нокиа” загварын гар утасны цаанаас эхнэрийнх нь дуу тод сонсогдох юм.

 

Эхнэр: Чи өчигдөр хаана, хэнтэй, юу хийж хоносон юм бэ? тэрийгээ хэлчих

 

Залуу: Батаагийнд тоглож хоносоон.

 

Эхнэр: Битгий худлаа яриад бай. Чи намайг тэнэг хүн гэж бодоо юу. Утасаа унтраацан ч байх шиг, асаахаараа авахгүй тасалж нтр. Чи юу вэ.

 

Залуу: За битгий уурлаа. Орой уулзъя /инээмсэглээд/

 

Эхнэр: Би чамаас сална заюу. Чи муу тэр гэрлэлтийн баталгаа авчраарай

 

Нөхөр: Юун баталгаа, юу яриад байгаан бэ? тэнэгтээд байгаарай /аядуухнаар/

 

Эхнэр ч, залуу ч хэсэг чимээгүй болсноо эхнэр нь жаахан тайвширав бололтой

 

Эхнэр: Чи одоо хаана яваан? Хаачих гэж байгаан?

 

Нөхөр: Ажил руу явж байна. Гэхдээ өнөөдөр чөлөө авна аа гэхэд нь эхнэр харилцуурын цаанаас дахиад л тачигнаж байгаа бололтой

 

Эхнэр: За чөлөө авч ямар хүүхэнтэй уулзаж жаргах гэж байна?

 

Залуу: /чангаар инээгээд/ хэнтэй уулздын бэ, гэртээ харьж чамайг орой ирэхэд чинь сайхан бууз хийгээд хүлээж байя л гэсийн. Орой нэгэнт хяргуулахаас хойш хоол ундаа хийгээд сууж байвал миний хайр арай зөөлөн таалах байлгүй

 

Эхнэр: Заза би ажил руу орлоо. Тэгж байгаад яръя дийд дийд /утас тасрав/

 

Залуу хосуудын ярианы өнгөнөөс ажвал энэ нөхөр гадуур хонож pubg тоглож л хоносон бололтой юм. Түүнээс эхнэрийнх нь төсөөлсөн шиг хүүхэн эргүүлж, дайлж цайлаагүй л бололтой. Залуу хүмүүс учраа олно биз дээ...

 

3. Ерөнхийлөгчөөрөө тоглож болохгүй

 

Их хотын түгжрэлд автобусны зорчигчид бараг хамаатан болтлоо буу халах нь бий. Фм-ээр “Би ерөнхийлөгч Баттулга байна аа. Монголчуудаа автомашиндаа энэ тосыг л хэрэглэж хэвшье. Чанар гэж ярих юмгүй сайн, баталгаатай, найдвартай” гэсэн реклам цацагдав. Нээрээ ерөнхийлөгч юм байхдаа гэж андуурмаар тэр сөөнгө хоолойны адилхан байгааг гайхсан эгч өөдөөс харж

 

Эгч: Ерөнхийлөгчөөрөө ингэж тоглож болдог л юм байхдаа.

 

Би: Харин ээ. Адилхан юм аа, арай ерөнхийлөгч өөрөө юм биш байгаа гэж явуулмаар аядсанд

 

Эгч: Юу дутлаа гэж сурталчилгаа хийхэв дээ хөөрхий гэж зүрхнээсээ хариулав.

 

Тэгснээ яриагаа үргэлжлүүлж “Манайханы л төрийн тэргүүнээ хүндэлдэггүй нь энэ байхгүй юу. Тэгэхэд Оросууд Путиныгээ яаж өргөмжилж, хаан шиг хайрладаг билээ дээ. Өчигдөр тэр хар. Ялалтын парад алхахад ард иргэд нь яаж гоё олноороо цуглаж баяр хүргэж байна. Гоё байгаа биз дээ.

 

Би: Манай дээдсүүд тэгээд өөрсдөө хүндлэхээр ч бас байхгүй юм даа.

 

Эгч: Муу ч гэсэн улсынхаа ерөнхийлөгчийг хүндэтгэхгүй бол эцгийгээ хүндлээгүй үр хүүхдээс ялгаа юу байхав.

 

Би: Та Баттулга ерөнхийлөгчид санал өгсөн үү?

 

Эгч: Өгөөгүй л дээ. Гэхдээ нэгэнт олонхийн саналаар сонгогдсон хүнийг хүндэтгэхээс яадаг юм. Өөрсдөө сонгочоод доромжлоод л, болдог ч юм уу үгүй ч юм уу..Хүүе энэ Багшийн дээд үү? Хүүе ээ бууя, алив жаахан цаашаа гэсээр бууж одлоо.

 

Ингэж үл таних эгч бид хоёр хэсэг зуур сүрхий улстөржиж улсынхаа ерөнхийлөгчийг өмөөрөөд амжлаа. "Бороо ч үгүй, зун ч үгүй буцаад бараг л өвөл болчихсон шиг хүйтэн байна даа" гэсэн жиндүү бодол тээсээр автобуснаас бууж ажил руугаа алхлаа. Зун болно доо...

 

Үргэлжлэл бий....

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин