АВТОБУС №4
2019-05-17

Hi GUYS? Юу байцгаана...Ингэж англи, монгол үг хольж ярих охидууд үнэн чка санагдсан тул залуусаас дутахгүйг хичээж уншигч авхай тантай ийн мэндэллээ.

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ухаан алдсан ч ууна...

 

3,4 дүгээр хорооллын эцсээс LV цүнх барьсан, FILE брэндийн цагаан өнгийн пүүз өмсөж түүн дээгүүрээ бариу жийнс, уранхай жийнсэн яак хослуулан өмссөн 20 дөнгөж л хүрч яваа гэмээр охин автобусанд суулаа.

 

Парадоксын буудлаас түүний найз нь автобусанд суугаад гар барин мэндлээд “She is looking good” хэмээн англиар магтаж байна. Хариуд нь “Thanks” хэмээн бас л англиар хариулаад хорвоогийн түм буман сэдвээр хоёул хам хум ярилцав.

 

Охин 1: Найз нь сая, нөгөө сард нэг удаа хийлгэдэг хүчтэй тариагаа хийлгээд явж байна. Тэгсэн чинь ухаан алдаад уначихдаг юм даа.

 

Охин 2: Яана аа, тэгээд гайгүй юу?

 

Охин 1: Тэгээд нэг цаг тэр эмнэлэгт хэвтэж байгаад босоод явж байна. Түрүүн чамайг залгахад чинь унаад дөнгөж ухаан орж байсан юм аа. Дуу хоолой сул байгааг анзаардаггүй юм уу. Яаж яриад байгаан гээд загнаад байгаан хэхэ.

 

Охин 2: Би яаж мэдэх вэ дээ.

 

Охин 1: Эмч нь бүр сандраад айгаад, тарианаас ингэж айдаг юм бол хэлж, анхааруулахгүй яасын гээд уурлаад...Тэгээд архи бүр хэрэглэж болохгүй гээд хориглочихсон. Маргааш яаанаа хаха

 

Охин 2: Үхэх гэж байж бас төрсөн өдөртэйгээ ай?. Нээрээ хаана тэмдэглэхээр болсон, газраа сонгосон уу?

 

Охин 1: Талбайн хажуу талд нэг цэвэрхэн, аятайхан газар захиалга өгчихсөн байгаа. Ядаж эгчтэй хамт явж байсан юм. Эгч бас яг чам шиг үхэх гэж байж төрсөн өдөр яриад гээд загнаад, тэгэхээр нь үхэхээсээ өмнө нэг жил ч гэсэн төрсөн өдрөө тэмдэглэе  л дээ гэсэн чинь татаад уначихсан хаха.

 

Охин 2: Заза найз нь дараагийн буудал дээр буулаа. Маргааш уулзъя.

 

Охин 1: Заза, чи тэгээд 12 цаг өнгөрөнгүүт мэнд хүргээрэй дээ хихи. За бака

 

Хийморьтой байгаа юм шүү. Цагийн өмнө ухаан алдаж унаад эмнэлгийн орон дээр хэвтэж байсан бол маргааш төрсөн өдрөө тэмдэглэж “назгай” авна л гэнэ. Архи хэрэглэж болохгүй гэсэн эмчийн зөвлөгөөг мартахгүй л байгаасай....

 

Охин “Iphone 7” загварын гар утас барьжээ. Найзыгаа бууснаас хойш дахиад л нэг найзруугаа утас цохиж "маргааш яахын хихи" хэмээсээр “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр бууж одлоо.

 

"Утсаа ломбардана аа"

 

Айпон 7-той охин бууж оронд нь андройд гар утастай эгч хажууд ирж зогсоод гарч утсаараа ярьж гарлаа. Эгч санхүүгийн асуудалтай яваа бололтой. Эсвэл эвдэрсэн утсаа хөөрхөн аргалж байгаад ломбарданд үнэ хүргэж тавьж орхиод мөнгөөр нь өөр утас авах “хурган” заль зохиох гээд ч байх шиг...

 

- Байна уу? Эгчийнх нь утас харин дээрийнх шигээ гэнэт унтарчихаад асдаггүй ээ.

 

- Гялс утас засвар орж янзлуулаад ломбард ороод 130 мянгад тавьчих уу

 

- Тэгээд л яахав дээ, гялс буцаагаад 21 хавиас нэг утас олоод авчихья.

 

- Тэгэхээр харин утсан дээрээ байгаа 170 зургийг яах уу л гэдэг байна

 

- Тэр чигт нь орхичихоор хайран юм даа.

 

Эгч бас овоо сэтгэж байгаа юм шүү. Унтарч асаад болохгүй утсаа засварчнаар эвтэйхэн асаалгаж байгаад зарчихаад оронд нь ажиллагаа зүгээр утастай болно гэнэ. Болж л байна.

 

Цэмбэгэр архичин

 

Автобус маань түгжрэл дундуур сажлуулсаар “32 дугаар байр” зогсоол дээр ирлээ. Хархорин, 19, 32 дугаар байр орчмоор хуучин гутал, хувцас, хөнжил гудас, тогооны таг, индүү, илдүүр гээд зарахгүй юм байхгүй жижиг зах яг автобусны буудлын хажууд ажиллана. Энэ наймаачдын хажууханд автобусны буудлын сандалны дор нэг нөхөр харин ч нэг тааваараа хэвтэж байна. Нэг хөл нь газар унжиж, ам нь үл ялиг ангайж, энгэрээ задгайлсан эр тасарсан л бололтой. Түүнийг харсан манай автобусны зорчигч ээж, хүү хоёр ярьж байна.

 

Ээж: Ишш энэ одоо архичин гэхэд арай цэмбэгэр юм аа тэ. Арай бие хаана өвдсөн юм биш байгаа?

 

Хүү: Архичөөн наадах чинь. Ээж минь сүүлийн үед архичид аймар цэмбэгэр болоод байгаа шт. Та наадхаа хар л даа. Бас аятайхан жийнс өмсчихөж ээ, дээгүүрээ өмссөн тэр куртикыг нь хар, бас ч нэг өвгөнтийнхөн өмсөөд байхаар эд биш байгаа биз дээ.

 

Ээж: Өвгөнтийнх биш бололтой юм аа нээрээ. Залуу хүн байж дорой юм. Яаж уухаараа ингээд гудамжинд унтаж байдаг байна.

 

Хүү: Арчаагүй л байгаа байхгүй юу. Ууж идэхээ ч зохицуулж чадахгүй.

 

Ээж: За чи өөрийгөө л хичээ.

 

Хүү: За арай ч дээ ээж. Би яасын бэ хэхэ

 

Хүү нь хааяа хүртдэг бололтой. Ээжийнх нь “өөрийгөө хичээ” хэмээсэн нь цаанаа ёжтой ч нэг их хайр тээсэн үг байв.

 

Нээрэн гудамжинд тасарч унасан нөхдүүд “өвгөнтийн” гэж нэрлэдэг халтар, ноорхой цоорхой хувцас хунартнууд байх нь элбэг. Гэтэл энэ удаад тэр тасарсан залуу эрхгүй цэмбэгэр санагдлаа. Автобуснаас буугаад алхаж явтал бас л нэг “цэмбэгэр” архичинтай таарлаа. Улаан өнгийн малгайтай цамцны гадуур цэнхэр өнгийн жакет өмссөн, цайвар өнгийн жийнс, цагаан өнгийн пүүзтэй залуу мөн л гудамжинд хэвтэж байна. Өвдсөн юм биш байгаа гээд очвол унтаж л байх аж.

 

Залуус минь тааруулж ууж, тохируулж тасрахгүй бол гудамжинд хэвтэх чинь муухай ш дээ. Бүгдээрээ цэмбэгэр согтож, цэцэг бариад эхнэртээ очихын төлөө хичээнэ шүү...

 

Үргэлжлэл бий...

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин