Автобус №5: Пороротой “амьдаар” нь уулзана
2019-05-31

Уншигчдад аа энэ өдрийн мэндийг хүргэе. Баярын уур амьсгал хэдий нь орсон энэ өглөө автобусанд ямар бэлэг авах, өгөх тухай яриа л ахиухан өрнөж байна. Тобот авхуулна л гэнэ, парк орно л гэнэ...Ээ дээ эцэг, эхчүүдийн халаас их л нимгэрэх бололтой маргааш.

 

Энэ удаад удаан ч гэсэн цонхоор нь бодол тэнүүлж элдвийг эргэцүүлж явахад хамгийн тохиромжгүй унаа болох троллейбусаар Таваншараас Сүхбаатарын талбай хүртэл аяллаа.

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Гэрэл зургийг MPA.mn


ПОП жолооч

 

Манай удаан унааны жолооч нь эмэгтэй хүн байв. Гэсэн ч тэр эрэгтэй хүнээс ер дутах зүйлгүй шахаж орж байна, эгнээ байраа эвсэлтэйхэн сольж, нэгдүгээр эгнээнд тээглэсэн машины жолоочийг “Холдооч” хэмээн загначихаж ч байна. Мань хүн бас поп ч юм.

 

Саппорогийн буудлаас түүний найз бололтой шалгагч эмэгтэй орж ирлээ. Энэ эмэгтэйг манай жолооч сүрхий загнаж, сүүлдээ хоёулаа муудах ч юм болов.

 

Жолооч эгч хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ ярьж байсгээд л жагсаал цуглаан хийж, үйлдвэрчний эвлэл ч  байгуулсан нэгэн аж. Нэг тийм эгч нар байдаг даа, Баасан аниа шиг...

 

Жолооч: Нийтийн тээврийнхэн намайг бүр анаад л байдаг юм шиг байгаан. Араандаа зуучихсан бүр.

 

Нөгөө эгч: Яаж байна?

 

Жолооч: Дээр гидрийн боолт сулраад чангалах гээд тавхан минут зогсоод буцаад хөдлөхөд л Нийтийн тээвэр дээр намайг дуудаад бүтэн гурван цаг байцаасан гээд бод.

 

-Юу асуух юм тэгээд?

 

-Яагаад зогсолт хийсэн, хаагуур юу хийсэн гэнэ ээ. Бараг л намайг чи хаана очиж хэнтэй мафан зохиосон гэх гээд байгаа юм уу хаашаа юм. Ер нь та нар их муухай хүмүүс. Хамт тэмцэе, хамтын гэрээгээ байгуулъя баръя гэж баахан ярьж ярьчихаад хэрэг дээрээ тэмцэх, жагах гэхээр алга болцгоочихно. Би ганцаараа орилоод л байдаг.

 

Нөгөө эгч үг дугарсангүй.

 

Жолооч эгч үргэлжлүүлэн “Динамик график яриад явж байсан хүн эргээд намайгаа муулчихсан, бухчихсан ч явж байх шиг...

 

Энэ удаад харилцан яригч эгч ууртай дугарч “Би яасан юм, бүгдээрээ л хамтын гэрээ яриад л яваад байсан. Би юу болсныг мэдээ ч үгүй. Тэгс гээд л орхичихсон шт. Учрыг нь ч олоогүйн байж чи ингэж хэлэхдээ яадын” хэмээхэд

 

Жолооч эгч “Би өөрийнхөө л бодлыг хэлж байна. Чамайг ямар яасан гэсийн” хэмээгээд тэр хоёрын дууны өнгө арай зөөлөрч маргаантай сэдвээ ч орхиж нөхөр, хүүхэд ярьж эхлэв. Тэр нь ч болсон.

 

Манай жолооч поп ч гэсэн шударга юм. Бэлэн мөнгө сарвайсан зорчигчийг тас загнаад “Картаа цэнэглээч, бэлэн мөнгө авахгүй” хэмээгээд араас нь нийгмийн сайн сайхан, нийтийн тээврийн гэгээлэг ирээдүйд хувь нэмэр оруулах ёстойг ч нэмж үглэв.

 

Пороротой “амьдаар нь” уулзана

 

Хүүхдийн баярыг хотод тэмдэглэхээр Архангайгаас Улаанбаатарыг зорьж ирсэн бяцхан охин ээжийнхээ хамтаар Драгоны автобусны буудлаас суулаа. Охин автобусанд суугаад барилга, байшин, машин зам, модод гээд бүгдийг цонхоор нэг бүрчлэн нухацтай харж “Ээжээ тэрийг хардаа, ээжээ тэр машиныг хараа” хэмээн шулганах нь хөөрхөн. Бидний өглөө бүр залхтал харсан замын түгжрэл ч түүнд сонирхолтой байгаа бололтой “Пөөх ямар олон машин бэ” хэмээн шүүрс алдана.

 

Хүслийн ундаа ч биш бүр бидний кола аваад түүндээ соруул хийчихэж. Түүнийгээ бүр нэг хайрлаж ууж байгааг нь хичнээн хөөрхөн гээч. Үл ялиг улаан хацартай, уртаа гэзгээ хоёр сүлжээд үзүүрт нь цагаан цэцэгтэй боолт зүүсэн нь яг миний бага насыг санагдуулсан.  6-7 настай болов уу гэмээр энэ охины ээж нь шуудайтай мах л бололтой барьжээ. Мөн савтай сүү ч нөгөө гартаа атгасан байна.

 

Ээж: За тэгээд юу юу үзэж харна гэж ирлээ чи?

 

Охин: Парк орж үзнэ, Алсыг харагч дээр сууж үзнэ, аан тэгээд бас...гээд цааш ярих гэтэл ээж нь үгийг нь тасалж

 

Ээж: Алсыг харагч нь одоо ер нь ажилладаг юм болов уу даа. Би хажуунаас нь ярианд оролцож “Ажиллаж байгаа. Та хоёр хаанаас ирсэн бэ. Охиноо баярлуулахаар зорьж иржээ дээ” гэхэд ээж нь

 

-Бид хоёр Архангайгаас өглөө орж ирлээ. Харин тиймээ манай энэ онц сурсан гэж хот орно гээд байлгаж суулгахгүй юм.

 

Охин: Та өөрөө л амлаа биз дээ.

 

Би: Хот гоё байна уу? Чамд таалагдаж байна уу?

 

Охин: Гоё юм аа. Нээрээ эгчээ хүүхдийн паркад үлгэрийн баатрууд, хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрууд маргааш байна биз дээ?

 

Би: Мэдэхгүй юм. Байдаг байх аа. Чи ямар киноны гол дүрийн баатартай уулзахыг хүсч байгаа юм?

 

Охин: Пороро. Пороротой “амьдаар” нь уулзмаар байна.

 

Би: Пороро Монголд байдаг юм уу, хэхэ

 

Охин: Мэдэхгүй, яг пороро шиг хувцастай, яг л пороро шиг хүн зурагтаар яриад “Хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудтай ирж уулзаарай” гээд рекламдаад байсан.

 

Би: Тэгвэл пороро маргааш парк дээр ирэх байх аа. Би түүний пороротой уулзах чин хүслийг нь унтраахыг ч хүссэнгүй.

 

Хүүхэд нээрэн үнэхээр хиргүй тунгалаг, цэв цэвэрхэн цагаахан цаас юм. Яавал би энэ охин шиг поророг “амьд” гэдэгт итгэж алс Архангайгаас Улаанбаатарыг зорих вэ...Яаж би түүн шиг парк орж үзэхийн тулд онц сурч ижийдээ дахиад эрхлэх вэ...Атаархмаар дэндүү гэгээн юм.

 

Ээж нь хайрцагтай махаа барьсаар, охин бидний ундаагаа тэвэрсээр Хархорингийн автобусны буудал дээр бууж одлоо. Тэр хоёр хотод байдаг хамаатан Маамаагийндаа очно гэсэн.

 

Хүүхдийн баярын сургаар л түгжирч байна, маргааш яана аа

 

Ард сууж явсан хоёр залуу ярьж байна.

 

-Маргааш Марлаа, Тэмүүлэн хоёрыг яаж баярлуулна аа.

 

-Ёстой бүх юм битүү байна даа, яана даа андаа. Зүгээр хүүхдийн баярын сургаар л өнөөдөр ийм аймар түгжрэлтэй байна шт хаха. Ингэж ганц бие бололтой найз нь манай Марлаа, Тэмүүлэн хоёрын аавыг шоглонгуй инээх аж. Өөрөө хүүхэдтэй гадуур явахын зовлон ихээхэн мэдэхийн учир Марлаа, Тэмүүлэн хоёрын аавыг өмөөрмөөр болов.

 

Тэгтэл харин Марлаагийн аав ч мөчөөгүй өгсөнгүй

 

-Чи удахгүй манынхаа эгнээнд нэгдэнэ ээ гайгүй. Тэр үед чамайг “чацга” царайлахгүй байхыг харна аа за

 

-Яасан танай хоёр тобот, нөгөөх нь юу билээ Яансүри ч билүү нэг гүнж байдаг биз дээ. Тийм юм авхуулна гэж байна уу?

 

-Үхсний чинь Яансүри, Консуни тэх үү

 

-Хаха, анд бас хүүхэлдэйг бол үзнэ биз?

 

Үзнэ шт. Чи бацаан тобот ч угсарч чадахгүй юм байж дуугүй л бай.

 

-Маргааш тэгээд яахын, эсвэл гэр бүлээрээ сайхан агаарт гараач энд түгжирч байхаар

 

-Тэгмээр л байна. Даанч эхнэр ажилтай, би хоёр хүүхэдтэйгээ хаачих ч юм билээ. Би бол хувьдаа гэртээ л сайхан хэвтэж баймаар байна. Даанч манай хоёр гарна гээд суулгахгүй л дээ. За яахав гарлаа гэхэд тэрийг ч авна, энийг ч авна гээл муу түрүүвчийг маань бүр юу ч үгүй шавхана шүү дээ. Ёстой нөгөө фэйсээр яваад байсан даа, “Яг баяжих гэж байхад баяр болоод байна” гээд...Тэр нээрээ үнэхээр үнэн үг.

 

Хөөрхий бас л минийхээ ижил маргааш яанаа гэж толгой гашилгаж яваа аавыг хажуудах найзаас нь илүү ойлгож, хэн ч үгүй нээрээ маргааш яаанаа л гэсэн бодол тээсээр ажил руугаа алхлаа.

 

Болгоно доо хэдүүлээ, Болж бүтэхгүйн будант манан аяндаа арилна даа...Хүүхдийн баярыг давчихвал ард нь наадам бий. Бас л болгоод л есдүгээр сарын 1-нийг угтана аа хэдүүлээ.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Dr. louis:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000USD
2019-05-31