Д.Медведев: Ажилтнуудын стресс бүтээмжид нөлөөлдөг тул ажлын дөрвөн өдөрт шилжих нь зохистой хувилбар 
2019-06-12

Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев дэлхийн эдийн засаг хэтдээ ажлын дөрвөн өдөрт шилжихийг үгүйсгэхгүй гэсэн утга бүхий мэдэгдлийг Олон улсын хөдөлмөрийн бага хурлын үеэр хийлээ. 


“Ирээдүйд хөдөлмөр нийгмийн гэрээний үндэс нь дөрвөн өндөрт шилжих магадлал өндөр” хэмээн Медведев мэдэгдсэн байна. 


Түүний өгүүлснээр технологийн хөгжил нь ажлын цагийг багасгаж, ажилтнуудын чөлөөт цагийг нэмэгдүүлэх гэнэ. Зуун жилийн тэртээ Хенри Форд ажлын долоо хоногийг 48 цагаас 40 цаг болгож багасгах шийдвэр гаргаснаараа “хөдөлмөрийн бүтээмжийн эрс өсөлтийг мэдэрсэн” хэмээн Медведев сануулсан байна.

Түүнчлэн, ажлын өдрийг дөрөв болгон бууруулж, улмаар ажлын нэг цагт ноогдох хөдөлмөрийн бүтээмж 20 хувь нэмэгдэж, улмаар ажилтнуудын стрессийн түвшин буурсан Шинэ Зеландын компанийн туршилтыг тэрбээр мөн жишээ татжээ. 


“Амжилтын араас байнга хөөцөлдснөөр ядаргаа, стресст ордог.Энэ бүхэн нь хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж, улмаар эдийн засгийн өсөлтүүдэд нөлөөлдөг юм” хэмээн Медведев онцлоод саяхан Дэлхийн эрүүл мэндийн чуулганы үеэр сэтгэлзүйн тогтворгүй байдал, стрессийг албан ёсоор өвчин гэж хүлээн зөвшөөрсөн гэдгийг сануулсан байна. 


“Ажлын өдөр, ажлын байр гэсэн суурь ойлголтод хандах шинэ хандлага бидэнд хэрэгтэй. Тодруулбал уян хатан ажлын хуваарь, алсын зайнаас ажиллах хэлбэр, ажилтнуудыг шаардлагатай тохиолдолд дуудах гэх зэргээр ажлын цагийг зөв зохистой зохион байгуулах нь зүйтэй. Өндөр технологийн ачаар амьдрал илүү хялбаар болж байгаа энэ үед ажилтан хөлслөх, ажил хэрэг явуулах зарчим ч хялбар, таатай болох ёстой” хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ. 


Түүнчлэн, өмнөх үеийнхний урам зоргийг сэргээдэг байсан сэдэлжүүлэх систем орчин үеийнхэнд тохирохгүй гээд “Бидний хүүдүүд биднээс ухаантай болно гэдэг нь илт байна” хэмээн онцолжээ.


Улс орнуудын ажлын 7 хоног ямар байдаг вэ? 


Дэлхийн ихэнх улс оронд ажлын өдрүүдийг хуулиар тогтоогоогүй харин долоо хоногт ажиллах хамгийн их цагийг зохицуулж өгсөн байдаг. Европ, Азийн ихэнх орнуудад ажилтнууд бямба ням гаригт амардаг бол мусульман шашинтай орнуудад баасан болон бямба гариг амралтын өдөр байх нь олонтаа. 


Дэлхийн улс орнуудын ажлын 7 хоногийн талаар сонирхвол: 


Хамгийн цөөн хоног ажилладаг нь нидерландчууд.  Энэ улсад долоо хоногт ажиллах хамгийн дээд цаг нь 27 цаг бөгөөд дундаж ажлын өдөр 7.5 цаг байдаг гэнэ. 2000-аад оны дундуур ажлын 7 хоногийн ажиллах цагийг 30-аас бага болгосноор дэлхийн хамгийн анхны бага цагаар ажилладаг ард түмэн болсон ч энэ нь эдийн засагт ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ. Нидерландын ихэнх иргэд долоо хоногт 4 өдөр ажилладаг байна. 


Герман улсын ажлын цагийн хуулиар ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цагаас хэтрэх ёсгүй, Италид ч мөн адил хамгийн бага ажлын 7 хоногийн цаг 40, харин хамгийн ихдээ 48 цаг байх бөгөөд илүү цагийг хөлсийг тусдаа олгодог аж. 

 

Франц улсад  ажлын долоо хоногийн цаг 35, харин дээд хэмжээ нь 48 цаг бөгөөд ажилтан илүү цагийнхаа мөнгийг авдаг. Энэ систем ихэвчлэн үйлдвэрүүдэд үйлчлэх бөгөөд офисын ажилтнуудын хувьд ажлын цаг хязгаарлагддаггүй аж.


Хятад улс манай улстай адилаар ажлын тав хоногтой, хамгийн бага цаг нь 40 цаг байх бол ажиллах хамгийн их цагийг 48 цаг гэж заасан. Гэвч энэ журмыг Хятадын зарим компаниуд, тэр дундаа Алибаба компани ихээхэн зөрчиж 996 систем буюу өглөөний 9-өөс орой 9 хүртэл 6 өдөр, өөрөөр хэлвэл ажлын долоо хоногт ажилчдаа 72 цаг ажиллуулдаг гэнэ.  Харин энэ оноос Хятадын IT төслүүдийг хамтран боловсруулах томоохон веб-сервис болох GitHub  996 системийг эсэргүүцэн цахим аян өрнүүлсэн бөгөөд зургаадугаар сарын эхний байдлаар 250 мянга гаруй хүн дэмжжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин