АВТОБУС №6
2019-06-14
Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Үе үехэн огцом тоормос гишгэж заал дүүрэн хүмүүсийг нэгэн зэрэг уулга алдуулснаа тэрүүхэндээ гэмгүй мушилзах автобусны жолоочийн дэггүй төрхөөр энэ өглөөг угтлаа.

 

Булан эргэтэл автобус зогсоолоос дөнгөж хөдлөөд түгжрээд зогсчээ. Жолоочийн нүдэнд өртөх гэж үсэрч, алга хавсраад “Суучихья тэгэх үү” гээд хаалганы цаанаас хий л амны хайрцгаар учирлатал онгойлгож байна. Зогсоолгүй газраас зорчигч тээвэрлэсэн зөрчил тул бушуухан гүйж ороод “Баярлалаа ах аа” гэвэл өөдөөс харин

 

- Зүгээр ш дээ гээд хөмсгөө хөдөлгөж байна. Хариуд нь инээмсэглэсэнд “Чамайг хөөрхөн болохоор чинь суулгалаа шүү” гэж маяглав.

 

Тэгтэл цаад эгнээний машиныг жаахан шахчихсанд жолооч нь “Яаж яваад байгаа п.... вэ” гээд л орилж байна, ойлгомжтой.  Ах над руу харж хэлээ гаргаснаа “Сүртэй шт тэ” гэхэд нь “Тийн” гэж хүч нэмэв.

 

Автобусных нь хөгжмөөр “Харанга”, “Хурд”-ын дуу эгшиглээд л...ах дуу бүрт нь дуртай л бололтой толгой ганхуулан ажилдаа түүртсэн шинжгүй. Эрт боссондоо хэнд ч юм ялархаж явсан надад ажлаасаа аз жаргал мэдэрч яваа ах кайф мэдрүүлэв. 40 шүргэж яваа болов уу гэмээр энэ эр харваас амьдрал үзсэн баачка. Хэнд ч гэм хоргүй, ихэнхдээ хэрэггүй сэдвээр хөнгөхөн мазаарчихдаг ах нар байдаг даа. Энэ удаад суусан ХМК-Офицер чиглэлийн автобусны жолооч тийм л хүн шиг санагдав.

 

Драгоны автобусны буудлаас суусан олон хүнд шахуулж хойшилсоор ахаас холдож ахиад өөр хоёр залуугийн хажууд зогслоо. Тэд харин эхнэрээ орхиод шөнөжин шоудчихдаг, өнөөдөр ч наргиж цэнгэхээр яваа “олиггүй” эрчүүд байв.

 

Улаан малгайтай цамцны гадуур жийнсэн яак, жийнсэн өмд хослуулаад давгүй л имиж бүрдүүлж. Гэм нь өмд нь өлөн хиртэж үрчийсэн бас тэмээнийх шиг өвдөг гарсан нь бүтэл муутайхан эр хүн шиг харагдуулна. Хамт яваа залуу ч шартсан бололтой байдгаараа эвхийчихээд элгээ дарж зогсох агаад үе үе нэгшсэн үнэр сэнхийж тавгүйтүүлнэ. Том том цүнх үүрцгээснээс нь, ярианы өнгөнөөс нь ажиглавал хотоос зайдуухан газар шорооны ажил хийдэг бөгөөд өглөө очиж, оройдоо буцдаг бололтой. Ирж буцах замдаа л халтирчихаад байдаг бололтой юм.

 

Эхний залуу эргэн тойрноо итгэл муутайхан ажигласнаа “Өчигдөр нөгөө хоёрыгоо тэгээд яав, Амтлаа юу” хэмээн хажуудхаасаа асууж байна. Өнөөх нь “Бавалгүй л яахав” гээд арааны шүлсээ татав. Аминдаа л нууцаар ярьж байгаа ч зайгүй шахцалдсан олон хүний түлхэлтээр бараг л энгэрт нь наалдаж явсан  надад эрхгүй сонсогдож л байгаа юм л даа.

 

Тэгснээ “Чи хаашаа алга болчихсон бэ. Нэг харсан би өнөө хоёртой чинь буудалд хэвтэж байдаг юм даа.

 

- Тэгээд яасан?

 

- Яахав өглөө ажилдаа явлаа гээд л гарцгаасан.

 

- Би яахав дээ, эхнэр залгаад тэгээд нэг мэдсэн харьчихсан л байна лээ. Шөл амталж чадаагүй жаахан тийм л байна шүү хэхэ.

 

- Өнөөдөр  орой ажил тараад нахих уу андаа?

 

- Яасан ч яахав. Манай эхнэр бүр намайг утсаар яриад л уучаад байна гээд утас аваад үлдчихсэн шт. Утасгүй байгаа.

 

- Эхнэр яахав уурлаж байдаг шт хаха...Энэ үг ёгхийтэл хүнд тусав. Бас хахир инээд нь арайхийн ирж яваа зуныг минь дэрхийтэл үргээчих шиг хүйтэн санагдсан. “Юу гэнэ ээ чи муу” гээд гэртээ хүүхдээ харж суугаа эсвэл ажлаа хийгээд амьдралаа үүрч яваа бүх эмэгтэйчүүдийнхээ өмнөөс өмөөрөөд босоод ирмээр болж огшив. Бүр сүүлийн үед хүчээ аваад байгаа “тик ток” бичлэг шиг гэрийг нь хайж олоод эхнэрийг нь хөтлөөд гараад гүйчихмээр ч санагдах шиг...Бүтэхгүй юм бодож өөрийнхөө бодлоос өөрийгөө шоолж явтал хоёр залуу ярианы сэдвээ өөрчилж

 

- Ёоох өдөр нь халаад өглөө, оройдоо хүйтэн байгаад байна аа. Өчигдөр харьсан эхнэр гэж нэг юм түлээгүй гэчихсэн галаа ч түлээгүй байхаар нь мань хүн яахав дээ нэлээд согтуу очсон юм чинь жаал дэвээд хэхэ...Дахиад л урам хугарав. Түлээг эхнэр биш нөхөр бэлдэх ёстой. Атал архи ууж оччихоод эхнэртээ агсамнажээ энэ нөхөр. Түүнийгээ бахархалтай нь аргагүй найздаа ярих нь улам ч дорой харагдуулна.

 

Залуу хүмүүс наргиж цэнгэлгүй л яахав. Ард эхнэр хүүхэд нь хүйтэн гэрт даарч, эр нөхрөө, аавыгаа ирэхийг хүлээн даарч суугаа бол согтох эрх байхгүй. Ээ дээ эрчүүд минь эхнэртээ загнуулаад ч болтугай гэртээ л харивал зөв яваагийн шинж гэдэг шүү.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
охид хүүхнүүдийн өөрсдийнх ч буруу. сургуулиа төгсөөд ажилтай болоод өөрийгөө авч явж чадах болсон үедээ найз залуутай болох эсвэл гэрлэх хэрэгтэй. балайтаж явсны үр дүн. эцэг эх нэртэй хүмүүс ч яагаа ч үгүй хүүхдэ эгэрлэхийг шаардахаа болих хэрэгтэй.
2019-06-14