Робэрт Грэй: Нохой яг л ХҮҮХЭД
2019-06-14

Өмнө нь цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэдэг үнэрч нохдын тухай Эзнээ хүлээсэн эрэлч нохой СОНИ" нийтлэлийг хүргэсэн. Харин энэ удаад Гаалийн ерөнхий газрын дэргэдэх эрэлч нохойн сургалтын төвөөс сурвалжлага бэлтгэлээ.

 

 

Очих газраа ойлгомжтой заалгасан хэдий ч замдаа багахан будлив. Гэсэн ч ноход хуцах чимээг чангасаар зорьсон газраа төвөггүй олов. Хашааны хаалга ойртох тусам “Гадны хүн ирлээ” хэмээн бие биедээ сэрэмж өгөх мэт улам чанга хуцах аж. Торон хашаанд Немц, Овчарка, Спаниель, Малинуа, Голден зэрэг таван  үүлдрийн  20 гаруй нохой байв.

 

Монгол улсын Гаалийн ерөнхий газар Умард ирландийн нэгдсэн вант улсын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд манай улсын эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нарт “Улсын хилээр оруулж гаргахыг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг эрэлч нохойгоор олж илрүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн сургалт 2019”-ыг энэ сарын 10-наас 24-ны хооронд зохион байгуулж байна.

 

Уг сургалтад Гаалийн ерөнхий газрын 9 газар хорооноос 15 эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч өөрсдийн эрэлч нохойн хамтаар оролцож байлаа. Сургалтыг Английн хилийн байгууллагын эрэлч нохойн үндэсний багийн ахлах зааварлагч Роберт Грей удирдан явуулж байна.

 

Нохой сургагчид үнэрч нохойдоо бөмбөг зуулган саатуулж байх хооронд тоосго доогуур үнэртүүлсэн зүйлээ хийчихлээ. Нохой тэр дорхноо л нуусан зүйлийг үнэрлэж олоод доош суулаа. Ингэж суух нь “олчихлоо” гэсэн хариу үйлдэл үзүүлж буй аж.

 

Үүний дараагаар Английн хилийн байгууллагын эрэлч нохойн үндэсний багийн ахлах зааварлагч Роберт грейтэй цөөн хором ярилцлаа.

 

Монголын нохой сургагчдын чадвар МАШ САЙН

 

 

-Эрэлч ноходтой олон жил ажиллаж байна уу?

 

- Би 1983 оноос эхлэн нохой сургасан. Тэгэхээр 30 гаруй жил ноходтой ажилласан байна.

 

-Нохойг багаас нь үнэрлэх, эрж хайх чадварт сургадаг байх. Анх хэрхэн сонгодог вэ?

 

-Хамгийн эхэнд нохойны үүлдрийг харна.  Дараа нь аливаа зүйлийг  эрж хайх соргог зан байгаа эсэхийг, тоглоомоо зууж байгаа шинж байдлыг нь харж байж сонгодог. Нохой  10 орчим долоо хоногтойгоосоо эхлэн ямар нэг зүйл эрж хайж, хайж буй зүйлдээ дурлаж эхлэдэг. Тэр үеэс нь эхлэж сургах хэрэгтэй. Миний хүслээр бол жил гаруйн хугацаанд нохойгоо сургамаар байдаг ч ажлын шаардлагаас болоод богино хугацаанд сургадаг.

 

-Ямар үүлдрийн ноход эрж хайх чадвар илүүтэй байдаг бол?

 

-Малинуа, Пойнтер. Ерөнхийдөө Европын үүлдрийн ноход  илүү сайн байдаг.

 

-Та өөрийн нохой сургах туршлагаас хуваалцахгүй юу?

 

-Би нэг анчин нохой сургаж байсан юм. Түүнийг 17 хоногтой байхад нь бөмбөг хайлгуулж сургасан. Үүний дараа 5 сартай байхаас нь үнэрлэх сургалтыг эхэлсэн. 17 хоногтой байхдаа  бөмбөг эрж хайдаг зан чанар нь хэдий нь суусан учраас сургахад амар байсан.

 

-Нохой сургахад бөмбөг маш чухал үүрэг гүйцэтгэдэг мэт харагдлаа?

 

-Нохой яг л хүүхэдтэй адилхан. Гөлөг байхад нь тоглох дуртай тоглоом зэрэг зүйлсийг нь эрж хайлгаж идэвхтэй болгох хэрэгтэй. Дараа нь бөмбөгөө эргүүлж авчруулдаг болгоно. Нохой хайсан юмаа олсныхоо дараа сургагчдаа олсон гэдгээ мэдэгдэж хариу үйлдэл үзүүлдэг болгож заана. Үүнийг баттай болгож сургах хэрэгтэй. Мөн сургалтын явцад нохойны юм хайдаг эрэмгий, сонирхолтой  зан чанарыг хадгалах нь чухал.  Ингэснээр  нохой ажлын байран дээрээ гараад сурсан дадлаа хадгалсан хэвээр байдаг.

 

-Нохой сургах явцад ямар бэрхшээлтэй зүйл тулгардаг вэ?

 

-Нохой бүр өөрийн гэсэн онцлог зан чанар, араншинтай байдаг. Тиймээс нохой тус бүрт ажиллахад өөр өөр стратеги хэрэгтэй. Нохой сургагч  өөртөө баримтлах гол зүйл бол нохойтой уурлаж харьцаж болохгүй. Заримдаа хүссэнээр бүтэхгүй байх тохиолдол гардаг. Амьдрал, ажил хүссэнээр болдоггүй шүү дээ. Үүнтэй л адил /инээв.сур/.

 

-Нохой,  сургагч хоёр хоорондоо маш их дасчихсан байдаг. Танд тийм нохой олон байх даа?

 

-Тийм шүү. Эхнэр, нөхөр хоёрын харилцаанаас ч илүү  бие биедээ бүрэн итгэлцэл үүсгэчихдэг /инээв.сур/. Нохойгоо сургасны дараа ажлын байр руу нь явуулахад зүрх эмтэрддэг шүү.

 

-Та манай улсын гаалийн нохой сургагчдын чадварыг хэрхэн үнэлэх вэ?

 

-Маш сайн гэж дүгнэнэ. Нохойгоо сургах чадвар нь өвөрмөц бөгөөд маш богино хугацаанд зааж сургаж чадаж байна. Мөн нохойгоо урамшуулж, түүнд улам их урам өгөх тал дээр сайн ажиллаж байгааг нь анзаарлаа. Бид нохойгоо сургаад албанд явуулдаг бол харин энд сургагч эзэн нохой хоёр үргэлж хамтдаа байж үүрэг даалгавар гүйцэтгэдэг тул ноход нь эзний хайр энэрэл дүүрэн байгааг мэдэрч илүү их итгэл дүүрэн үүрэг гүйцэтгэдэг шиг санагдлаа. Монгол залуус мундаг байна.

 

Гаалийн байгууллагад 50 нохой үүрэг гүйцэтгэж байна

 

 

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасаг нь 1993 оны 3 дугаар сард анх 1 эрэлч нохойтой байгуулагдаж байжээ. Өдгөө 15 хилийн болон гүний гаалийн газар, хороодод нийт 37-н эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч болон 50 гаалийн албаны эрэлч нохойтой үйл ажиллагаа явуулж байна.

 

Эрэлч нохойн үүлдрийг харгалзан манай улсын уур амьсгалд тохирсон Кокор спаниель, Герман Овчарка, Лабрадори үүлдрийн нохойг ашигладаг байна.

 

Тус төвийн дарга  Б.Наранбаатар “Гаалийн албаны эрэлч нохойн гүйцэтгэх үндсэн үүрэг нь Монгол улсын хилээр нэврүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа, эд зүйлсийг олж илрүүлэх түүнчлэн хар тамхи, мансууруулах бодис түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд чиглэгддэг. Улс орнуудад нохой сургах үйл явц сайжирч өндөр түвшинд хүрсэн. Тэгэхээр одоо бидний хийх зүйл бол хилээр ан амьтныг гаргах, хороож устгахаас сэргийлэхээс гадна хилээр орж буй буу сум зэргийг олж илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллах нь чухал байна. Хилээр буу, сум оруулж ирж байгаа хүмүүс хэдэн мянгаар нь ан амьтдыг агнадаг. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд эрэлч нохдоо сургаж, ур чадварыг нь нэмэгдүүлэхийг зорьж байна. Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс манай байгууллагыг сонгон авч төслийн хүрээнд сургалт явуулж байгаад талархаж буйгаа илэрхийлмээр байна” гэв.

 

Тэрбээр багаасаа нохой сургасан бөгөөд 27 жил гаалийн байгууллагад ажиллахдаа нийт 100 гаруй нохой сургажээ.

 

Гаалийн ноход зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэнэ

 

 

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн төлөөлөгч, тус төслийн ажилтан Б.Мөнхжаргал “Лондонгийн Засгийн газрын ХХААБОЯ-ны зэрлэг амьтныг хууль бус худалдаатай тэмцэх сангийн санхүүжилттэй,  хил  дамнасан хууль бус худалдааг бууруулах, энэ  төрлийн гэмт хэргээс хил орчмын иргэдийг хамгаалах төслийг 3 жилийн хугацаанд буюу 2019-2021 он хүртэл  хэрэгжүүлэх юм” гэв.

 

Төслийн зохицуулагч Самуэль Мерсон “Зэрлэг амьтны хууль бус худалдаатай холбоотой гурван төслийн эхнийх нь хэрэгжээд дуусчихсан. Харин одоо төслийн хүрээнд  Монголын  хууль сахиулах байгууллага болон Гаалийн Ерөнхий газар,  ЦЕГ-тай хамтарч зэрлэг амьтдын хууль бус худалдааг таслан зогсоох  чиглэлээр төвлөрч  ажиллаж  байна” гэлээ.

 

Сүүлийн 3 жилийн байдлаар гаалийн албаны эрэлч ноход нь 310 захиргааны болон эрүүгийн шинжтэй зөрчил илрүүлжээ. Нохдын илрүүлсэн хураасан барааны үнийн дүн болох 46,9 сая төгрөгийг улсын орлого болгосноос нийт зөрчлийн 79,3 хувь нь ангийн арьс үс, 20,7 хувийг нь архи тамхи, эм тариа, түүхий мах, ноолуур эзэлжээ.

 

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасаг нь гадаад хамтын ажилгааны хүрээнд сүүлийн жилүүдэд Япон, Унгар, Казакстан зэрэг улстай хамтран сургалт зохион байгууллах хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр хамтран ажилладаг байна.

 

Л.Отгонмягмар, Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Guest:
Өөрөө ямар ч мэдлэггүй, чадваргүй бол бусдын ур чадвар хичээл зүтгэлд битгий халд л даа. Аргаа барж, атаархалаа барьж ядсан хүн бололтой. Өрөвдөлтэй юм аа хахаха
2020-05-31
Zochin:
Чоовоосдоо gej comment vldeesen zaluu amitantai ajillana gedgiig meddeggvi bololtoi hetsvv bdiim bna le.gertee gants nohoi tejeeh gej bid ih l asuudaltai tulgardag.Harin ch mongoliin gaaliin nohoinuud hereg ilrvvleltend ih mundag sanagdsan.Uuruu chadahgvi baij busdiin hiisen zviliig vgvisgedeg ataach zan mongolchuudiig hugjij dewshihed bainga hoish changaaj bdag.Hiisen ajiltai hvnii umnu nvvr bardam hamt olon sanagdsan olon ch udaa TV geer harj blaa.
2020-04-16
Чаавоос:
Чоовоосдоо манай гаалийн нохой байдаг юмуу. Ажил хийж байгаа юм огт байхгүй сургагч нар нь бүгд чадваргүй. Зүгээр гаалийн байцаагч болох л сонирхолтой нохойгоороо юм олуулж байгаа юм байхгүй. дарга нь гэж ажилгүй мэдлэггүй худлаа би гэсэн юм
2019-07-14
Guest:
Өөрөө ямар ч мэдлэггүй, чадваргүй бол бусдын ур чадвар хичээл зүтгэлд битгий халд л даа. Аргаа барж, атаархалаа барьж ядсан хүн бололтой. Өрөвдөлтэй юм аа хахаха
aanha
2019-06-14