АВТОБУС №:7
2019-06-19

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

- Ахаа та хаана буух вэ?

- Багшийн дээд дээр бууна

- Аан, та намайг талбай дөхөхөөр сэрээчихээрэй. Хэнэггүй байрын охин хажуудаа сууж яваа ахад ийн хэлчихээд унтаад өглөө.

 

- Байна уу, аан би дээр танайхаар угаалгын машинаа янзлуулсан хүн байна. Өнөө угаалгын машин маань дахиад ажиллахаа байгаад эвдэрчихлээ. Аанхаан, тийн...Юу, танайд дахиад мотор, редуктор байна уу. Аан заза тэгвэл би хэд хоногоос очиж авна шүү. Байлгаж байгаарай та...Ах утсаа таслаад эхнэр рүү залгаж байгаа бололтой.

 

Өө байна. Ашгүй нөгөө хүнд чинь дахиад мотор байгаа гэнэ. Маргааш очоод авъя гэлээ. Миний хөгшин амралтын өдрөөр л хувцасаа угаачихгүй юу дөө. Хань нь наад мууг чинь болгоно оо, байж л байг...Амьдрал гоё шт. Ах удахгүй угаалгын машинаа янзлаад гэргий нь гэгээ таттал хувцасаа угаагаад, гэр тойруулан гэц татаад дэлгэнэ дээ...

 

Зун ч болох нь болжээ. Хажууд зогссон эгч дэрвэгэр хормойтой ягаан даашинз өмсөж, плажныхаа өнгө ижлээр хөлийнхөө хумсыг будсан нь гоё. Автобусанд юу эсийг хийхэв, ажиглаад байхад 40-50 орчим насны эгч нар зузаан ултай, хоншоор задгай сандааль угласан байх нь элбэг. Энэ эгч тэдний нэг аж.  Энэ насны эгч нар сандал, суудлын хэрүүл хийх нь цөөн. Ихэмсэг, дээгүүр харж цэмцэгнэнэ. Цүнхээ үргэлж урдаа авч, байсхийгээд тэмтэрч үзнэ. Балгасан, барайсан нөхдөөс зай барьж хялам хийж цэрвэнэ...

 

Харин 18-25 насны охид ихэнхдээ чихэвчээр дуу сонсоод, цонх ширтэж явна. Зарим нь толгой ганхуулан, хэнд ч саад болохгүйгээр тэрүүхэндээ амаа хөдөлгөж жинхнээсээ орчлонгоос “тасарна”. Хүн цөөтэй автобусанд хаа нэг ном уншиж яваа охид харагдана. Үсээ задгайлсан нь их. Үргэлж түүнийгээ оролдож, байсхийгээд л илж, эвэнд оруулна. Зарим нь салааг нь түүж ч амжина.

 

Харин энэ насны хөвгүүд, залуусийн ихэнх нь том том цүнх үүрч явна. Цүнхнээсээ болж ааштай эгч нарт ад үзэгдэнэ чааваас. “Наад нэг том цүнхээ урдаа ав л даа. Яршигтай юм” гэж зарим нь ширүүлнэ. Хөөрхий хөвгүүд хэрүүл маргаан хийхгүй. Дэмий л бүлтэлзээд, зайгүй шахцалдсан олон хүний дээгүүр цүнхээ өргөнө. Зарим нь “Ёоо бууя бууя” гээд таарсан автобусны буудал дээрээ буугаад явчихна.  Очих газраа алхаад хүрдэг юм уу бүү мэд.

 

Том цүнхэнд нь “амьдрал” нь явж байдаг шиг байгаа юм. Хөдөө орон нутгаас Улаанбатарт ирж суралцаж буй эрэгтэй оюутнуудын зарим нь яг тогтсон хаяггүй, гэргүй, байргүй. Хаа таарсан газраа, хэн наашаа гэсэн ах дүү, амраг садан, найз нөхдийндөө хоног төөрүүлж явах нь бий. Иймийн учир маргааш хичээлдээ сольж өмсөх цагаан цамц, бүтэн жил судлах хичээлийнх нь бүх дэвтэр явж байдаг юм билээ. Тэгээд л түнтийтэл чихсэн том цүнхнээсээ болж түмний унаанд ад үзэгдэнэ.

 

Бас гоё байхаа мэднэ ээ цаадуул чинь. Хар шүдний шилээ духан дээрээ хагасхан зүүгээд, бохь зажилчихна. Цав цагаан пүүз, оймсийг хослуулаад өмсчихнө. Уранхай жийнс, сэмрэлттэй яакыг ч зохицуулна. Хажууд нь үеийн охин ирээд зогсчихвол эвлэгхэн яриа өдөж харагдана. “Уучлаарай утсаараа нэг яриулаач” гэж гэмгүй тусламж гуйж дугаарыг нь авчихна. Сүйхээтэй манай залуус.

 

Дүрслэх урлаг, инженерийн сургуулийн оюутнууд бас автобусанд ад үзэгдэнэ ээ хөөрхийс. Тэдний үүргэвч өнөө том цүнхнээс ч тээртэй. Тэг дөрвөлжин “хар юм”. Зайгүй шахцалдсан автобусанд хажууд нь хоёр ч хүн ороод зогсох зайд өнөө цүнхээ үүрээд таг гацаачихна. Энэ дөрвөлжин хард нь нарийн нандин юм их гэнэ. Шугам зургийн хэрэгсэл, ватум цаас, тосон будаг, урт урт шугам бий аж. Бас бөөрөнхий урт сав үүрч явах нь бий. Бөөрөнхий урт нь түмний унаанд тээр болох нь хаа очиж бага.

 

Оюутан, залуусын хувьд ийм. Ахмад настнууд бас “дараа” болох нь бий. Тэд автобус ирэхээс өмнө огт картаа гаргаж, гартаа барьж бэлддэггүй. Заавал цүнхэн дотроосоо уншуулах гэж ухаалаг төхөөрөмжинд цүнхээ наана. Нэг наана, хоёр наана...Болохгүй бол “ажиллаж байгаа юм уу энэ чинь” гэж загнамаар аядна. Тэгж байтал ашгүй уншина. Энэ хооронд ард нь өчнөөн хүн зогсож л байдаг. Хурдал гэвэл ахмад настай хүнийг хүндэлсэнгүй гэж аашилна. Цүнхнээсээ картаа гаргаж бэлдэж байгаад дарчихвал уг нь сүйдтэй юм байхгүй. Гэхдээ хөгшчүүлд цүнхнийхээ цаанаас уншуулах сонирхол их байгаад байх шиг...Гоё санагддаг юм болов уу, гээчих вий гэхээс гаргадаггүй юм болов уу, бүү мэд.

 

Картгүй бол жолоочийн хажууд очиж зогсоод яг л зах дээр яваа мэт хэтэвчээ гаргаад мөнгө тоолоод зогсчихно. Энэ хооронд ард түмэн ард нь хүлээгээд зогсож л байна. Манай ахмадууд бас “даам” шүү.

 

Автобус талбай дээр ирлээ. Ах хажуудах охиноо гэнэт сэрээгээд “Хүүе ахын дүү талбай дээр ирчихсэн шүү, буугаарай” гэхэд охин огил үсэрч босоод хаалга өөд гүйлээ. Эргэж хараад “Баярлалаа ахаа” хэмээн гараа даллахаа мартсангүй.

 

Ах инээмсэглээд “Хөөрхий хичээл, ном гээд ядарч л явдаг байх даа” хэмээн хэнд ч юм хандан гэмгүй яриа өрнүүлсэн нь сайхан санагдав. Эгэл энгийн зүйлсээс таашаал авч, ингээд л бие биендээ эерэг, гэгээлэг сэтгэгдэл төрүүлж явбал сайхан даа...

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин