АВТОБУС №:8
2019-06-26
Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Саяхан л инээгээд эх орноосоо мордсон залуу харь оронд очоод хүнд өвчихсөн...Дөнгөж төрсөн бяцхан охин хүнд хагалгаа хийлгээд бөөрөө авхуулсан. Бас Учрал, Есөн-Эрдэнэ...Тэд бүгд ахиад ганцхан өдөр амьдрахсан, ахиад зөндөө удаан амьсгалахсан гэхээс үхэлтэй тэмцэж буй. Цахим хуудсаа нээх бүрийд тэдний нэрс ар араасаа урсан гарч ирсээр туслахсан, босгоод ирэхсэн гэхээс эрвийх дэрвийхээрээ чармайж байна.

 

Гэм хийгээгүй ч цаанаа л асар гунигтай өглөөг угтаж, “Өнөөдөр муу мэдээ дуулдах вий” гэхээс үхтлээ айсан өдөр хоног өнгөрч байна. Үл таних хүмүүсийн төлөө ингэтлээ сэтгэл зовниж явсан минь хэзээ билээ? Үл таних залуугийн ижий аавынх нь виз бүтэж Америкийг зорих болсонд хагартлаа баярлаж онгоцны буудлаас үдэж өгмөөр санагдсан нь хэзээ билээ? Цахим хуудсаар байсхийгээд л гарч ирэх бяцхан охин, цэл залуугийн зурагнаас өвдөлт мэдрэх шиг болж үе үехэн зангирч суусан минь ч хэзээ билээ?

 

Надаас өөр олон хүн яг л миний адил санаа зовниж, босгоод л ирэхсэн гэдэг бодол тээж яваа бололтой. Автобусанд хажууд зогссон хоёр охин ярьж байна.

 

- Дөлгөөний хандивын дансанд нэг ах бүр 26 сая төгрөг шилжүүлсэн байна лээ шүү дээ.

 

- Хөөх, 26 сая аа? ямар их мөнгө вэ

 

- Харин тийн бүр аймар баян дээр нь сайхан сэтгэлтэй байгаа биз дээ. Гэхдээ бид нарт л их санагдаж байгаа болохоос тэр эмчилгээнд нь юу ч болохгүй юм шиг байна лээ. 26 сая төгрөг бараг хоёр, гуравхан хоногийнх нь л эмчилгээний мөнгө юм шиг байна лээ шт.

 

- Ээ тийм үү, гадаадын эмнэлэг болохоор аймар үнэтэй эмчилгээ хийдэг байх тэ?

 

- Тийм биз. Зарим нь 26 сая төгрөг шилжүүлж байхад би бас далайд дусал нэмэр гээд өчигдөр СU орох гэснээ болиод 3000 төгрөгөө хандиын данс руу нь шилжүүлчихсэн шт.

 

- Чи найз охиных нь зургийг харсан уу? Хөөрхөн охин байна лээ шт. Аав, ээж нь очиж чадахгүй найз охин нь сахиж байгаа гэсэн. Хөөрхий дөө хэцүү байгаа байхдаа хайртай хүн нь өвдчихсөн.

 

- Яаанаа би Тулгааг сахиад тэгээд ганцаарханаа хүн танихгүй гадаадад байвал...За түй түй муу ер. Төсөөлөхөд ч хэцүү.

 

- Гэхдээ ашгүй аав, ээжийнх нь виз бүтээд явахаар болсон гэсэн.

 

- Ашгүй дээ тэ.

 

Ахлах сургуулийн л охид бололтой. Баярлалаа охидуудаа зайдас, ундаа авах 3000 төгрөгөө хандивласанд....Энэ мөнгөнөөр нь Дөлгөөн нь эрүүл болно оо. Учир нь чиний сайхан сэтгэл түүнийг татаад л босгоод ирнэ.

 

Харь оронд өдөр өдрөөр эд эрхтэнээ хүнд өвчинд “алдаж” буй Дөлгөөнд туслахыг үнэн зүрхнээсээ хүсэж байгаа нь Монголчууд хүнд, хэцүү цагт нэгдэж чаддаг болохыг харуулж байна.  Ганцхан Дөлгөөн гэлтгүй жижигхэн биедээ багтамгүй өвдөлт, зовиурыг мэдэрч, хүн болохсон гэхээс үхэлтэй тэмцэж буй Амин-Эрдэнэ, Есөн-Эрдэнэ, Учрал....гээд аав ээжийн “амин” үрсийн төлөө ч санаа чилээж, хандив тусламж илгээж л байна. Энэ мэтчилэн хаа нэгтээ охиноо, хүүгийнхээ амийг аврахсан гэхээс аргаа барж суугаа хүн олон л доо...Автобусанд хүртэл явж л байна. Тээр хойноос түүний яриа чанга сонстов.

 

- Хагалгаандаа ямар ч байсан орсон. Гэхдээ тайвшрах болоогүй ээ. Одоо хагалгааны дараах эмчилгээ нь их чухал, их ч мөнгө орох л юм билээ. Уушги нь бараг устчихсан юм яриад л байна эмч нар нь. Би шөнө сахиж хоноод харьж хувцсаа сольж, шөл хийчээд буцаад эмнэлэг явж байна” хэмээн мөн л өвчин, зовлонд дотны хүнээс алдчих вий гэхээс айж яваа  ахимаг насны эгчийн яриа сонстов.

 

Болдог бол чаддагсан бол энэ эгчид ч Дөлгөөнд ч, Учралд ч ер бүгдэд нь туслахсан...Тэгээд элэг бүтэн инээд хөөртэй гэр бүлээр дараа нь зочлохсон. Амьдрал баян даа. 

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин