БНАСАУ зэвсгийн хөтөлбөрөө царцаавал АНУ буулт хийхэд бэлэн 
2019-07-03

Хоёр талт хэлэлцээр явагдах үеэр БНАСАУ-ын эрх баригчид үй олноор хөнөөх зэвсэг боловсруулах хөтөлбөрөө “бүрэн царцаах”-ыг АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа хүсч байгаагийн дээр үүний төлөө тодорхой буултууд хийхэд бэлэн байгаа гэнэ. 


Энэ талаар АНУ-ын БНАСАУ хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Биген сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдээлсэн гэж Axios цахим хуудас дамжууллаа.  


Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн ням гаригт сэтгүүлчидтэй уулзан, өөрийнх нь хэлсэн үгийг хэвлэлд нийтлэхгүй байх нөхцөлтэйгээр БНАСАУ-ыг тойрсон нөхцөл байдлын талаар ярьсан байна. Тодруулбал Өмнөд Солонгосоос АНУ руу буцах үедээ Биген Америкийн төрийн нарийн бичгийн онгоцонд хамт зорчиж явсан сэтгүүлчдэд  Пхеньянтай хийсэн хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ.

 
Энэ үеэр Биген “Хойд Солонгостой илүү уян хатан харилцах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсний дээр Хойд Солонгос зэвсэг боловсруулах хөтөлбөрөө царцаавал Америкийн Засгийн газар хоригоо цуцлахад бэлэн биш байгаа ч хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дипломат харилцаагаа дээшлүүлэх, хоёр орны нийслэлүүдэд дипломат төлөөлөгчийн газар нээх зэргээр тодорхой буултууд хийх боломжтой гэнэ. 


Хэдийгээр ийнхүү буулт хийж болзошгүй байгаа ч Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох зорилгоосоо ухрахгүй гэж Биген өгүүлээд “бид хөтөлбөрийг бүрэн царцаах ёстой” гэж цохон тэмдэглэжээ. 

 

БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг зөөлрүүлэхийг Ши Жинпин уриаллаа 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин