Автобус №9: Өмнөговиос өвөртөлж ирсэн тэмдэглэл
2019-07-05

Энэ удаад нийслэлийн нийтийн тээврээр бус ажлын автобусаар 900 километр алсыг зориод ирлээ. Уншигч танд  Өмнөговиос "өвөртөлж" ирсэн тэмдэглэлээ дэлгэе.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Нийслэлээс баасан гарагийн /2019.06.28/ өглөө 06.00 цагт хөдөлж өмнийн цэнхэр говийг зорилоо. Аль ч томилолт, амралт зугаалганд явсан анзаараад байхад алиа марзан эсвэл сайн дурын уран сайханчид хойгуур суудаг даа.

 

Харин тэдний өмнүүр тэг дундуур нь таван гар суух, аяны уртад аз ёндоогоо соригчид тухалж таванзуу, мянгатын дэвсгэртийг нааш цааш дамжуулна. Зарим нь ч халаасалж амжилгүй буцаагаад алдчихна.

 

Хамгийн урд суудлуудад харин унтагчид, уншигчид эсвэл зүгээр л дуу сонсож цонх ширтэх "эмо" нар суух нь элбэг. Энэ янзаар л бидний "аялал” эхэлсэн. Ард 90-ээд оны хоёр залуухан бүсгүй суужээ.

 

-Билгүүнтэй ярьсан чинь нээх хөөрхөн "Болгоомжтой яваарай" гээд халамжлаад л байсан гэвэл нөгөөх нь “Юун Билгүүн вэ, одоо март март. Цоо шинэ адал явдал эхэлж байна найзаа” хэмээн аальгүй инээж байна. Нээрэн тэдний нас хичнээн гоё билээ. Дурладаг, шархалдаг, мартдаг, санадаг...Залуу охидын амталж ханаагүй хайр дурлал, адал явдлын эрэлд атаархах шиг болж явлаа. Тэгтэл тээр хойноос

 

 Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай

 

Энхрий цайлган бүсгүй минь” хэмээн дуу эхлүүлэхэд өнөө бүсгүй “Үү үү” хэмээн хоолой нэмэхэд өөр нэгэн нь хойноос өнгө сүлэлдэн орж ирээд

“Бүсгүй минь бүсгүй минь

 

Бүр холын гэрэл гэгээ минь” гээд л “авч” байна. Залуучууд ингэж л урт холын замыг уянга дуугаар сүлж явлаа.

 

Говийн зам гунигтай ч юм шиг. Гандуухан тал дээгүүр давхиад л байхад түрүүн өнгөрсөн бут сөөг дахиад л үзэгдэх...Яг л байрандаа зогсоод байгаа мэт говь нутаг буй бүхнээрээ эчнээ танил.

 

Хаа нэг жижиг толгод үзэгдэнэ. Бас ганц нэгхэн тэмээ замын хажууд хээв нэг алсыг харан зогсох нь говь нутгийн ганц чимэг гэлтэй. Заримдаа ноосноосоо салаагүй тэмээ олон л харагдана. Дараагийн гүвээг даваад уруудахад таарсан тэмээ харин нүв нүцгэн ч үзэгдэх аж. Үүнээс үзэхэд говийн зарим сум гандуухан зарим нутгаараа өвс ногоо эрт ургажээ.

 

Бид засмалаас гарч энхэл донхолтой шороон замаар давхиулсаар Нарийн сухайтын бүлэг ордод хүрч очлоо. Тэнд аян замын алжаалаа хэсэгхэн тайлаад цааш Шивээхүрэнгийн боомтыг зорилоо.

 

Нарийн сухайтын уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэл 50 километрийн урттай засмал зам зурайн харагдана. Энэ замаар нүүрс тээврийн автомашинууд зорчдог аж. Уурхайгаас дөнгөж хөдлөөд л удаа ч үгүй байхад нүүрс тээврийн машинуудын уртаас урт дараалал үзэгдлээ.

 

Гашуунсухайтад үүсдэг хэдэн километрийн урт оочер Шивээхүрэнгийн боомтод ч байна. Урт урт ачаатай автомашинууд хоёр эгнээгээр дугаарлан зогсчээ. Тэдний хажуугаар зөрж өнгөрөх бидэнд дэг журамтайгаар нэг шугаманд эгнэн жагссан эдгээр машинууд яг л өрөөд тавьсан тоглоом адил.

 

Машины хаалга бүр онгорхой байх нь жолоочид говийн халууныг хүндхэн давж буйг нь илтгэж байлаа. Онгорхой хаалгаар жолоочийн бүхээг ил харагдана. Тэнд 25 литрийн шар савтай ус, зайрмагных шиг жижиг хөөсөнцөр хөлдөөгч ч харагдана. Жолооч нарын зарим нь машиныхаа бүхээгт хоолоо хийж сууна. Өөр бусад нь сүүдэр бараадан хөзөр тоглож байгаа харагдана. Өмнөх машины хоёр хоорондоо барилдаж байна. Тэдний урд талын машины жолооч харин цээж нүцгэн унтаж буй нь үзэгдэнэ. Хөөрхий эрчүүд урт дараалал, уйт өдөр хоногийг ингэсхийгээд л өнгөрүүлдэг аж. Амьдрах гэж “аргаа” л барж байгаа бололтой.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Говьд ирснийг минь сонссон Шивээхүрэнгийн боомтод нүүрс тээвэрт явдаг танил эгч холбогдож байна.

 

- Дүү минь сайн явна уу. Би Хятад талдаа байна. Даваа гарагт Монгол руугаа орно. Тээвэрчдийнхээ төлөө хийх ажил их байна. Надад хэвлэл мэдээллийн хүмүүс их хэрэгтэй байна

 

- Сайн явж байна. Маргааш өглөө эрт буцна. Би танд яаж туслах вэ?

 

- Оочерт олон хоносон 1800 хүн тэдний ар гэр гээд олон асуудал байна.

 

- Харин тийм ээ. Энэ хүмүүс хэзээ боомт хүрч хил гарах бол доо гээд бодож л явна.

 

- Хамгийн гол асуудал богино зам дээр Гашуунсухайтын машинаас цөөн машинтай байж 10 хоногт нэг л эргэлт хийж байна. Энд байгаа тээвэрчдийн маань цалин дэндүү бага шүү дээ. Нэг ресс 600-800 юань байдаг юм.

 

- Асуудал хаанаа байдаг юм бол доо. Учир мэдэх хүмүүс хятадын талдаа л бий гэлцэх юм.

 

- Асуудлын зангилаа хятад талдаа л байгаа юм. Хэдий тийм байлаа гээд Монголчууд маань дэндүү өрөвдөлтэй байна. Уурхайнууд юу ч хийж чадахгүй борлуулалт, ашиг, хонжоооо улс татвараа л хардаг. Ашигтай ажиллаа гэж сайн сайхныг хэлнэ үү гэхээс тээвэрчдийн дунд ямар амьдрал өрнөж байгааг мэддэггүй шүү дээ. Олон хоног дараалалд зогссон жолооч оочертоо нөгөө нэг эргэлтийнхээ мөнгийг идээд дуусгачихаж байна шүү дээ. Ар гэрээ тэжээх гэж ирснээс өөрийнхөө бор ходоодыг болгох гэж ирээгүй хүмүүс шүү дээ хөөрхий минь. Олон хоног оочерт байгаа жолооч нар архидах бол энгийн үзэгдэл. Олон хоног ингэж байсан хүмүүс чинь бухимдсандаа нэг нэгэндээ л уур бухимдлаа гаргаж архи дарс уухаараа нэгнээ зодож өөрийгөө ч өрөөлийг ч хохироочих гээд бас хэцүү юм аа дүү минь.

 

- Гашуунсухайтыг бодвол Шивээхүрэнгийн боомтод оочер бага гэж сонссон. Ялгаагүй юм шив дээ?

 

- Адилхан. Манай танил жолоочийн аав нь өчигдөр нас барчихсан хөөрхий. Тэгээд машиныг маань урагш нь гаргаад өгөөч гэж надаас гуйсан юм. Боомтоор гарахад тун ойртоод оччихсон байсан машиныг унаад өдрийн 14.00 цагаас дугаарлаад л орой хил хаахтай зэрэгцээд 20.00 цагт гаргаад хятадад ирээд байна. Энэ байдал долоон сарыг дуустал үргэлжилнэ гээд байгаа. Долоон сард ч гэсэн ийм байдлаар явах юм бол энэ халуунд, ийм урт оочерт олон хоног зогсох юм бол тээвэрт явж байгаа жолооч нарын зүрх судасны өвчлөл ихсэх эрсдэл өндөр байна.

 

- Өнөөдөр бас ч гэж бороо хур ороод сэрүүхэн байх шиг. Гэхдээ л бас их халуун байна шүү.

 

- Өнөөдөр гэхэд хилийн цэрэгт ажилладаг залуу даралт нь ихсэж харвалт өгөөд нас барсан харамсалтай хэрэг гарчихлаа шүү дээ. Бага хүүхэд нь дөнгөж хоёр сартай, том нь гурван настай.

 

- Өө хөөрхий.

 

- Энд чинь бага зам, км явдаг болохоор тэтгэврийн хөгшид зүгээр сууж чадахгүй, машин барьж амьдрал аж ахуйгаа дээшлүүлэхийг зориод ирэх юм. 20 машинтай компани байлаа гэж бодоход тэдний 5 жолооч нь өндөр настан, 50-иас дээш насныхан байдаг. Тэгээд л хэт халуунд хөгшин настай хүмүүсийн даралт ихсэнэ. Харвана.

 

- Харин ингээд хараад явж байхад настай хүн цөөнгүй байна шүү.

 

- Хүссэндээ биш, амьдрал сайхангүй болохоор л ар гэр оюутан сурагчдынхаа төлбөр мөнгийг олох гэж л ирж байгаа юм л даа. За эгч нь амарлаа. Өглөөг сайхнаар угтаарай дүү минь гэснээр бидний яриа өндөрлөв.

 

Тэр амьдрахын эрхээр нүүрс тээвэрт явж буй олон мянган жолооч нарын төлөөлөл. Гэхдээ жолооч тээвэрчдийнхээ эрх ашгийн төлөө гэх “ассан” их хүсэл, сэтгэл тээж явдаг нэгэн. Хүний нутагт монгол жолоочоо өмөөрч хятадуудтай ам мурийж хоригдох дээрээ тулсан “зоригтой” бүсгүй.

 

Уртын урт дараалалд зогссон жолооч нарыг хараад “зангирч” л явлаа. Амьдралын төлөө зүтгэж яваа энэ хэдийг минь ард нь үлдсэн гэргий нь ойлгодог л байгаасай хэмээх бодол тээж ч суулаа. Амьдрал сайхан даа, амрагаа түшээд алаг үрстэйгээ жаргаж суух өдөр олон доо...

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Хятад нүүрсээ аваад ханасан учраа с олон хонуулж байгаа гэсэн
2019-07-07
зочин:
эвий муу хань минь ингээд л явж бгаа бхдаа.алтан шар зам нь ѳлзийтэй бг
2019-07-06