Путин Гүржийн эсрэг хориг тавихгүй 
2019-07-10

Сүүлийн үед Гүрж, Оросын харилцаа таагүй болж, хоёр орны агаарын харилцаа зогссоны дээр саяхан Гүржийн хөтлөгч шууд нэвтрүүлгийн үеэр Оросын Ерөнхийлөгч Путиныг доромжилсон нь “гал дээр тос нэмсэн” гэж үзсэн Тбилиси хотын иргэд телевизийн гадаа жагсан эсэргүүцэл илэрхийлж байлаа. 


Үүний дараа гүржүүд Оросын зүгээс хориг арга хэмжээ авч болзошгүй хэмээн эмээж байсан ч Путин ийм алхам хийхгүй гэж мэдэгдсэн нь Гүржийн иргэдийг “тайвшруулсан” талаар Лента.ру мэдээлжээ. 


Тодруулбал, Гүржийн телевизийн хөтлөгч Путиныг доромжилсны дараа Оросын зүгээс хориг арга хэмжээ авах эсэх талаарх сэтгүүлчийн асуултанд Путин “Гүржийн ард түмнийг хүндэтгэж байгаа учраас хориг тавихгүй” гэж хариулсан байна. 


Энэ мэдэгдлийг сонссон Гүржийн иргэд олон нийтийн сүлжээгээр “Харж байна уу, Путин дайн эхлүүлэхийг хүсэхгүй байна, тайвширцгаа. Зарим нэг хариуцлагагүй сэтгүүлчдээс болж нэгнээ хэмлэхээ больцгооё, бие биенээ хайрлацгаая. Тайван, амгалан Гүрж оронд амьдармаар байна”, “Ингэнэ гэж санасангүй шүү! Бүгдэд хүнд цохилт өглөө” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ. 


Түүнчлэн Гүржийн Гадаад хэргийн сайд Давид Залкалиани  “Оросын Ерөнхийлөгчийн шийдвэр цорын ганц мөн маш зүйтэй шийдвэр. Энэ шийдвэрийг талархан хүлээн авахаас өөр аргагүй” хэмээн мэдэгдсэн байна. 
Эргэн сануулахад, долоодугаар сарын долооны өдөр Гүржийн сэтгүүлч Георгий Габуния шууд эфирийн үеэр Путиныг зүй бус үгсээр доромжилон, “өмхий эзлэн түрэмгийлэгч” хэмээсэн юм. Телевизийн хөтлөгчийн энэ байдлыг Орос төдийгүй Гүржд ч шүүмжлэн, Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили “радикал хүчний өдөөн хатгалга”-ыг хайхрахгүй байхыг Оросоос хүсч байв. 

 

Гүрж: Путиныг телевизээр доромжилсныг эсэргүүцэн жагсжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин