Венесуэл: Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн тохиролцож чадлаа 
2019-07-12

 

"Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэн улс төрийн хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд ойрхон байна" гэж Барбадост болсон гурван өдрийн хэлэлцээрийн дүнгээр Венесуэлийн Миранда мужийн захирагч Эктор Родригес мэдэгдснийг Вести  дамжууллаа. 


Эх сурвалжийн мэдээлснээр, талууд байнгын яриа хэлэлцээр явуулахаар тохиролцсны дээр улс орондоо  энх тайвныг тогтоохын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 


Бусад нарийвчилсан мэдээллийг Николас Мадуро мэдээлэхээс татгалзжээ. 


Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 21-нд Венесуэлд олныг хамарсан эсэрүүцлийн жагсаал болж, Үндэсний ассамблейн тэргүүн, сөрөг хүчний удирдагч Хуан Гуйадо өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгч хэмээн зарласан юм. 


Улмаар АНУ тэргүүтэй барууны орнууд Хуан Гуайдогийн статусыг хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн орон Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч хэвээр гэж үзсэн. 


Энэ үеэс хойш жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал тасралтгүй болж, улс төрийн хямрал өмнө нь нүүрлээд байсан эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж, Венесуэлийн олон сая хүн наад захын хэрэглээний бараа, ундны ус, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсны улмаас эх нутгаа орхин олноор дүрвэсэн юм. 
 

Венесуэлийн хямрал:

Перуд ганцхан өдрийн дотор 5000 орчим цагаач орогнол хүсчээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин