НҮБ: Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо өссөөр байна
2019-07-18

 

Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа талаар НҮБ мэдээллээ. Тодруулбал энэ тоо гурван жил дарааллан өсч байгаа бөгөөд өнөөгийн байдлаар дэлхий даяар 821 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн аж. Үүний зэрэгцээ хоёр тэрбум гаруй хүн чанаргүй хоол хүнс иддэг, эсвэл хүнсний хомсдолд орсон байдаг гэнэ. Энэ талаар НҮБ-ын “Хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал” илтгэлд онцолжээ. 


Илтгэлд дурдснаар, 2015 он хүртэлх хугацаанд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо аажмаар буурч байжээ. Гэвч 2016 онд энэ тоо гэнэт нэмэгдэж эхлэсэн бөгөөд хамгийн дээд үзүүлэлтдээ хүрсэн 2011 оны түвшинд хүрсэн байна. Ийнхүү өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх болсон нь дэлхийн олон оронд дайн дажин өрнөж байгаа, Зимбабве, Кени, Нигери зэрэг Африкийн орнуудад их ган тохиож, ургац муу байснаас улбаатай гэж мэргэжилтнүүд онцолжээ. 


Тиймдээ ч,  өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн дотор Африкийн оршин суугчид дийлэнх нь байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад энэ тивд хоол хүнсний дутагдалтай хүмүүсийн тоо 20 хувьд хүрсэн байна. 


Үүний араас, Карибын ай сав, Латин Америкийн орнууд асуудалтай бүс нутгуудын тоонд жагсчээ.  Эдгээр бүс нутгуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо долоон хувиар нэмэгдсэн байна. Харин Азид хүнсний хомсдолд орсон хүмүүсийн хувь нийт хүн амын 11 хувийг эзлэж байгаа гэж НҮБ-ын илтгэлд дурджээ. 


Энд өгүүлэхэд, Хойд Солонгосын арван хүн тутмын дөрөв нь буюу 10,1 сая хүн хүнсний хомсдолд орсны зэрэгцээ сүүлийн арван жилд тохиогоогүй бага ургац хураалтын улмаас хүнсний хамгийн наад захын хангамж улам багасна гэж өмнө нь НҮБ мэдэгдэж байлаа


Харин өмнөдийн орнууд сүүлийн жилүүдэд энэ тал дээр тодорхой хэмжээний дэвшилттэй байгаа ч өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 15 хувьд хүрсэн гэдгийг илтгэлийн зохиогчид онцолсон байна. 
.
Энд дуулгахад, НҮБ-ын хөтөлбөрт зорилтын нэг нь 2030 он гэхэд Дэлхий дээр өлсгөлөнг нэг мөр устгах явдал юм. Гэвч хүн төрөлхтнийг хүнсээр хангах тал дээрх өнөөгийн чиг хандлага хэвээр хадгалагдвал ердөө 11 жилийн дараа дэлхий дээрх өлсгөлөнг нэг мөр устгах зорилгодоо хүрч чадахгүй гэж НҮБ-ын хүнсний байгууллагын мэргэжилтнүүд онцолдог. 

 

НҮБ: Хойд Солонгосчууд амьд үлдэхийн  тулд авлига өгдөг 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин