АВТОБУС №10: С.Зоригийг хэн хөнөөснийг Булган мэднэ, би ч мэднэ
2019-07-19

"Нямдорж гуай арай ч дээ"

 

Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Нэг үеэ бодвол автобусанд ганцаараа улстөрждөг, гэнэтхэн “Мииний ээж сайхаан эээжийй” хэмээн  дуу аялдаг уран сайханчид ховорджээ. Хаа нэг халамцуухан нөхөд хамар доороо ганцаараа хэрүүл хийж явах нь үзэгдэнэ. Тэд ихэнх нь эрчүүд байх нь олонтаа.  Харин энэ удаад согтуу эгч хоёр нүдээ тас анин зүйрмэглэх зуураа хөлчүүрхсэн сэдэв сүрхий “том” тэгээд сонихон байв.

 

Зүс царай сайтай, өмссөн хувцасны өнгө цэвэрхэн, үсээ дээш шууж боосон ахимаг насны эмэгтэй юм үзэж нүд тайлсан л нэгэн бололтой.

 

- "Би та нараас нэг юм асууя. Америк хүн гэж байдаг уу” хэмээн автобус дүүрэн хүнээс чангаар асууж байна. Хэн ч хариулсангүйд дахин асуултаа чангаар давтан “Америк хүн байдаг уу” хэмээв. Тэгснээ асуултдаа өөрөө хариулан “Америк хүн гэж хаана ч байдаггүй л байхгүй юу. Тэд чинь бүгд цагаачид шт” гэх.  Эмэгтэйн яриа уялдаа холбоогүй.

 

- "Та нар монгол түгжрэлтэй байна гээд яндагнаад байх шаардлага байхгүй. Яадаг юм, та нарын хувь заяа шт” гэж сүрхий уурлах аястай өгүүлснээ эргэн зөөлөрч “Миний хүүхдүүд ерөөсөө санаа зоволтгүй. Нам нам гээд л байна. Наадуул чинь тэртээ тэргүй өөрсдийгөө ална. Та нар санаа зовохгүй сайхан амьдарч бай” гэж улстөржиж ч нэг үзэв.

 

Чамин дэгжин биш ч донжтой цэвэрхэн хувцасласан эгч хүүхэн бас ч хоосон толгой биш, хорвоогийн түмэн зүйлд толгой гашиглаж явдаг бололтой юм. Болоогүй айпон гар утас барьжээ.

 

- Наадам наадам гээл хөөрцгөөгөөд л байна. Яг наадмаараа цэнгэлдэхдээ ч багтахгүй. Цэнгэлдэхээ Хүй долоо худагтаа аваачаад бүх юмаа тэндээ хийе л дээ.

 

- Би төр засагт 19 жил ажиллаа...Тэтгэврийн мөнгөөр амьдарч чадна шт хаха

 

-Манай Монгол амгалан, тайван байхгүй юу гэх зэргээр утга авцалдаагүй дураараа чалчиж явснаа гэнэтхэн улстөр ярьж эхэллээ.

 

-Нямдорж гуай одоо арай ч дээ. Зоригийг хэн алсныг хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Булган ч мэдэж байгаа. Гэхдээ тэр хэлж чадахгүй л байхгүй юу.

 

-Эгийн голын цахилгаан станцыг одоо яриад яахав ээ. Тэрийг чинь Зориг хийсэн юм.

 

-Одоо л хүмүүс өөрийн гэсэн толгойтой болж эхэлж байна. Эхэлж байна шүү. Шударга бустай ахмадууд тэмцэе гэхээр эд нар чинь худлаа юм авчаад л амаа хамхичих юм.

 

-Оросуудыг муулаад яах юм бэ

 

-Ангил хэл сурч яах юм....Энэ мэтчилэн утга авцалдаагүй ч басчгүү хий хоосонгүй зүйл ярьсаар эгч тасрах шиг болж, унтаад өгөв.

 

"Өчигдөрөөс л ууж эхэлсэн...гэртээ үлдсэн"

 

Дараагийн буудлаас 8,9 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд гүйн орж ирлээ. Араас нь дундаж насны эмэгтэй бяцхан охиноо тэвэрч, хажуудаа дунд ангийн сурагч охиноо хөтөлсөөр орж ирэхэд түрүүлж орж ирсэн хоёр хүүхэд “Ээжээ энд сандал байна. Ийшээ сууя” гээд хоёулаа нэг сандал дээр давхарлаж суугаад ээждээ өөр нэг сул суудал тийш заав. Эмэгтэй өөрөө суусангүй. Харин том охиндоо бага охиноо тэврүүлэн суулгаад хажууд нь зогсов.

 

Хүүхдүүдийн хувцас тийм ч цэвэрхэн биш, бас өглөө эрт тул нүүрээ угааж амжаагүй гэлтэй нүд нь нуухтай, үс гэзэг нь эмх цэгцтэй биш зарим нь нойрмог байх нь ажиглагдана. Яагаад ч юм тэд аль нэг зүйлээс магадгүй ааваасаа зугтаж яваа шиг санагдав. Бүгд нэг л гунигтай. Харин хоёр юм уу гурван настай болов уу гэмээр бага охин нь эгчийнхээ өвөр дээр тогтож суухгүй ийш тийш сэрмэлзэн, автобусан дахь хүмүүсийг анхааралтай ажиглан инээмсэглэх аж.

 

Бүсгүй гар утсаараа хэн нэгэн рүү ярьж эхэллээ.

 

- Мэдэхгүй ээ, харин хаачдаг юм билээ. Отгоо эгчийнд хүн байгаа болов уу ажилдаа явцгаасан болов уу...аан тийм үү...Өчигдөрөөс л ууж эхэлсэн...мэдэхгүй, гэртээ л үлдсэн. Заза тэгье гэх зэргээр цөөн хором ярилцаад утсаа салгахад хүүхдүүд нь бүгд ээж өөдөө ширтээд “Юу гэж байна ээж, Отгоо эгчийнд хүн байгаа гэнэ үү” гэвэл “Эгч ашгүй амарч байгаа гэнэ өнөөдөр. Хэдүүлээ тийшээ очье” гэв.

 

Гурван буудал газар яваад дөрвөн хүүхдээ дагуулсаар бүсгүй бууж одов. Тэд автобусны буудлын сандал дээр суугаад үлдлээ. Отгоо эгчийндээ очдог л байгаа даа...

 

Согтуугаар жолооны ард суусан “тэнэг”

 

Урьд шөнө ууж л хоносон бололтой хоёр залуу Саппорогийн автобусны буудлаас суулаа. Архины эхүүн үнэр сэнхийж буйг мэдэрч л байгаа бололтой аминдаа л хүрмэнийхээ энгэрт хошуугаа нуугаад ярьж байна хоёр эр.

 

- Ээгий новш хөгийн зантай хэвээрээ л байгаа биз

 

- Харин тийн. Согтохоороо бүр хүн биш болох юм аа. Тэгээд л машинаа барьж явна гээл яг хэвэндээ.

 

-Өчигдөр би хэлсэн. Яах гээд байгаа юм бэ, булан эргээд л цагдаа зогсож байгаа. Цагдаад баригдчихвал тэгээл дэмий л юм болно шт гээд явуулахгүй гээд түлхүүрийг нь сугалчих гэсэн чинь намайг түлхэнгүүтээ хамаг цонхоо хаагаад, хаалгаа түгжээд явчихаж байгаа юм даа.

 

-Олон хавар нэгэндээ гэдэг. Энэ ерөөсөө эрхээ хасуулж байгаагүй байхгүй юу. Хасуулж байж л хаширна. Тэрнээс наана хэн ч юу ч хэлсэн тоох ч үгүй бариад л яваад байна.

 

-Өчигдөр тэгээд баригдаагүй л байх шиг байна лээ. Сая машин нь Доржоогийн үүдэнд харагдаж байна. Нохой санаатай л даа. Баригдахгүйгээ мэднэ.

 

- Дахиад битгий хорьж бай. Явуулчихаж бай. Хаширч байж л ойлгоно.

 

Согтуу хэр нь жолооны ард суудаг бөх зүрхтэй эр юм. Тэр өчигдөр баригдаагүй гэнэ. Гэвч маргааш эс бөгөөс эрт орой хэзээ нэгэн цагт цагдаад баригдана. Баригдахгүй юм гэхэд амьдралаа алдах вий. Одоо цагт согтуугаар жолооны ард суух “тэнэг” хүн уг нь цөөрсөн дөө.

 

Алаг хорвоогийн ийм нэгэн өнгө будаг сүлэлдсэн автобусны тэмдэглэлийг уншигч танд дэлгэлээ. Эргээд илүү “амттай” амьдрал, амь халуун яриаг хүргэхийг зорин энэхүү тэмдэглэлээ жаргаая.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Gerlee:
Unen bodit zuiliig goy nairuulgatai bichjee unshuurtai blaa Bayrlalaa, Dahin bicheerei.
2019-07-23
Gerlee:
Unen bodit zuiliig goy nairuulgatai bichjee unshuurtai blaa Bayrlalaa, Dahin bicheerei.
2019-07-23
mania avgai gej yum har oglooguur sogtuurhaa l solioroo l baidgiishd
2019-07-22
Zochin:
Sain l bichsen baina sh dee. Iim l baidag avtobus.Avtobusand suuhaaraa hezee hun buhen suudald suugaad yavdag bolno doo gej bodddog shuu
2019-07-22
Ста:
Согтоо л биз уугаа л биз жирийн л монгол амьдрал одоо цагийн. энэ зураглалыг хагас сайны өглөө болгон бүр гоёоор харж болно. Яаг хэнд юу хэлэх гсэнийг нь ойлгосонгүй. юм хийсэн дүр эсгэгч. Сэтгэхүйн хомсдол шууд хэлхэд зүгээр л орк
2019-07-22
Shal hudlaa:
Har oglooguur shal sogtuu tegj ywdag egch gj yu baihawdee hudlaa zohiol bichih gd ydchih ymdaa hairan tsag
2019-07-22
Ямар ч хэрэггүй юм. Бичиж хүний цагийг хумсалхаа боль
2019-07-21
зочин:
юу гээд байгаа юм өөрөө адилхан юм бна.ямарч уялдаа догикгүй дуусаваа.
2019-07-20
Barag l bna
2019-07-20
zochin:
Shal hudlaa um bichih um
2019-07-19