Эрхүү мужид дахин үерийн гамшиг нүүрлэлээ 
2019-07-29

 

ОХУ-ын Эрхүү мужид зургаадугаар сарын сүүлээр үерийн гамшигт нэрвэгдэн, олон хүн амиа алдаж, тосгон суурингууд усанд автсан харамсалтай явдал тохиосон. 


Байгалийн гамшгийн хор уршгийг арилгаж хараахан дуусаагүй байтал энэ мужийн Тулун хотод дахин үер бууж, орон байр усанд автжээ. 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Эрхүү мужийн Тулун хотод өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас усны түвшин дээшилж, орон байр бүхэлдээ усанд автах аюул нүүрлэсэн тул ням гаригаас эхлэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлэсэн байна. 


“Үер буух аюултай тул Тулун хот болон Тулунск аймагт нүүлгэн шилжүүлэлт явагдаж байна. Оросын Онцгой байдлын яам, цагдаа, орон нутгийн захиргааны хүчээр оршин суугчдад зарлан мэдээлэх, тэднийг усанд автах эрсдэлтэй нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх ажил явуулж байна” хэмээн Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. 


Тулунск аймагт Братск хотоос Ми-8 нисдэг тэрэг ирж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тулун хотын даргын мэдээлснээр, түр байрлах байранд иргэдийг байршуулж байгаа бөгөөд  шаардлагатай бүхий л оршин суугчдыг цанын бааз, сургууль гээд аюулгүй газруудад нүүлгэн шилжүүлэх юм байна. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай долоодугаар сарын 27-ны өдөр оршин суугчдад зарлан мэдээлж, тэднийг нүүлгэлтэд бэлэн байхыг сануулсан бөгөөд ням гаригийн оройн байдлаар Тулунск аймагт 200 гаруй хүнийг  аюулгүй газар аваачжээ


Энд дуулгахад, өнгөрсөн өдрүүдэд 104 мм хур тунадас орсон нь сарын нормоос давж байгаа юм. Мөн сарын дотор Эрхүү мужийн голууд дахь усны түвшин аюултай тэмдэглэгээг хоёр удаа давсан байна. Өмнө нь болсон үерийн улмаас 11 мянган орон байр, эдлэн газар, 49 нийгмийн объект, мөн тооны автозам усанд автаж, 22 гүүр эвдрэн, 25 хүн нас барж, 7 хүн ор сураггүйд тооцогдож байгаа юм. Энэ үерийн улмаас 43000 хүн эд материалын хохирол амссан бөгөөд тэдэнд нөхөн төлбөр олгох ажлыг наймдугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.

 

Дэлхийн дулаарал: Нэг хэсэг нь ЖИВЖ, нөгөө хэсэг нь АНГАЖ байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
наад эрхүүг чинь оросын засгийн газар тусламж үзүүлэх ёстой
2019-07-29