Автобус №11: "Торгууль 500 мянга даваад талийсан"

Алтан-Овооныхон авсаархан автобусандаа багтахгүй байна
- Хүүе хөлөө авъя,
- Хүүш ээ хүүхдийн толгой хавчуулчихлаа
- Цүнхээ урдаа үүрээч
- Солиороод бай, яаж үүрэх нь чамд ямар хамаатай юм...

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/
Эвтэйхэн булан олоод олны чихцэлдээнээс зайдуухан зорчиж явсан надад энэ үгс тод сонсогдсон юм. Энэ бол “Алтан-Овоо-10 дугаар хороолол” чиглэлийн жижиг асиа маркийн автобусанд өрнөсөн яриа. Бусад нийтийн тээврийн автобусыг бодвол багтаамж багатай энэ автобусанд Толгойт, Улаанчулуут, Алтан-Овоо чиглэлийн олон иргэн зорчино. Тэд жижиг автобусандаа багталцахгүй нь их. Зөрж бууж суух гэж нэлээн юм болж, хэрэлдэх нь хэрэлдэж тэврэлдэх нь тэврэлдэж байгаад нөгөөгөө зөрүүлж харагдана.
Чухам яагаад ганц энэ чиглэлийн автобус том оврын биш дунд оврын байдгыг зорчигчид өөр хоорондоо ярилцаж “Арай жижигхэн” хэмээн шогширцгоох аж.
Багтаж ядаж явахад бас хажуугаар нь архи үнэртүүлсэн, суга таягтай хөгшин орж ирээд “Би наана чинь сууна, бос” гэж бусдад овгордох нь хэцүү. Арайхан сандал дээрээ суугаад өмнөөс нь хараад сууж явсан арван жилийн сурагч охиныг “Сайхан амьтан байна шүү” хэмээн согтуу харц шидлэх нь олны дургүйг хүргэв.
Охиныг өмөөрч хажууд зогссон настай эгч “Жаахан хүүхэдтэй юу яриад байгаа балай вэ. Дуугүй яваач” гэхэд өнөөх өөдөөс нь
- Юу гэнэ ээ муу г.л..г минь. Муу ги....минь. Би нэртэй хүний зүстэй хүүхэд шүү
- Дуугүй яв архичин минь
- Май. /салаавч гаргав/.
Хэлэх хэлэхгүй үгээр доромжлуулсан ч эмэгтэй тэгс гээд чимээгүй болчихов. Тэгтэл ардаас өөр нэг залуу согтуу нөхөрт баахан доромжлуулсан бүсгүйчүүдийг өмөөрч
- Эмэгтэй хүмүүсийг хүндлээч балай өвгөн минь. Хоёулаа цуг бууя. Би чамайг ална.
- Үзэх үү хоёулаа. Чи намайг таягтай гэж бодоод андуурч байна шүү аалзаа. Би ална чамайг.
Залуу тэгс гээд бас л дуугүй болов. Хэний ч үг, шаардлагыг хүлээж авах чадваргүй энэ этгээдтэй хэн ч юу ч ярихыг хүссэнгүй бололтой. Ашгүй буух юм болж хаалга өөд дөхсөнөө хажуугийн сандал дээр сууж явсан эмэгтэйг хараад зогтусч “Ямар гоё хүүхэн бэ би чамд дурлачихлаа. Би эр хүн шиг дэрвэлзэж явсан юм шүү. Та бол үнэндээ гоё хүүхэн байна” хэмээгээд таягаа тулсаар хажууд нь очиж зогсоод “Алив нэг гар барьчихья. Миний гарыг нэг атгаадах” хэмээхэд бүсгүй айсандаа гар бариад босоод хаалга рүү зүглэлээ. Тэгэхэд нь “Цуг бууна” гэх. Согтуу зорчигч сая нэг бууж одоход бүсгүй буцаад сандалдаа сууж “Ёоох санаа амарлаа” хэмээх аж.
Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийг хэнд ч гэм хийгээгүй атал хэл амаар доромжилж бэлгийн дарамтад оруулах эрчүүд автобусанд цөөнгүй зорчино. Манайхан тулдаа л монгол эмэгтэйн хатан ухаан гаргаж доромжлуулчихаад тоохгүй өнгөрдөг байх. Гаж этгээдүүд залуу охидын гуяыг илэх гэнэ. Бошинзыг нь сөхөх. “Болиоч” гэхээр “Сүртэй шт” гэж тэнэгтэх. Хөгшин эрчүүд “наад гуя хасаа нуугаач” гэж нимгэн хувцасласан охидыг зэмлэнэ. Зун цаг залуу нас хоёрыг яалтай ч билээ дээ. Манай эрчүүдэд эмэгтэйчүүдийг хүндлэх соёлд суралцмаар юм. Ядаж л залуу хөвгүүд хажуудаа нөүтбүүкээ тэврээд зогсож байгаад үеийн охинд суудлаа тавиад өгдөг байвал гоё доо.
"Торгуульгүй машин хаана ч байхгүй"
Торгуульгүй автомашиныг л нийслэлийн төв рүү нэвтрүүлнэ гэх албаныхны шийдвэр түмэн олонд маань хүнд л тусч байгаа бололтой. Торгуульгүй машинтай хүн тун ховор гэнэ шүү. Автобусанд таарсан ах нар ярьж байна.
- Найман сараас торгуульгүй, өнгө үзэмж сайтай машиныг л төв рүү оруулна гэсэн шүү дээ. Сонссон уу?
- Үгүй дуулаагүй юм байна.Тийм үү, хэн нь тийм хачин юм яриадхаа вэ?
- Яагаав нөгөө хуучин Замын цагдаад байсан барзгар нүүртэй нөхөр байдаг даа. Байнга зурагтаар гардаг байсан.
- Аан за тийн. Энхтөр бил үү?
- Тиймээ тэр тэгж ярьж байна лээ зурагтаар
- Өө алдаг юм байна. Торгуульгүй машин гэж байхгүй. Хаана ч байхгүй биз
- Харин тийм, минийх лав 500 мянга даваад “талийсан”
- Минийх бас гайгүй юм байна. 150 мянга байгаа
- Жаахан амьдралтай шийдвэр гаргаж байгаасай
Хоёр ахын нэг нь гартаа тавын савтай бензин барьчихаж. Өнөөх нь “Хүүш бензин юм уу” гэхэд “Чишш чимээгүй” гээд нударч байна. Нийтийн тээврээр тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж яваа нь осолтой ч буруу зүйл хийж байгаагаа мэдэрч олноос хулгаж яваа нь болж л байна. Бүр нэг ичиж зовохоо байсан “гарууд” бий л дээ.
Автобусны жолооч гэнэтхэн огцом огцом тоормос гишгэж, жолоогоо мулт дараад эхэллээ. Тэгсэн хар өнгийн “Инсайт” маркийн автомашины жолооч хархүүтэй сүрхий шахалцах аж. Нэгдүгээр эгнээнээсээ ганцхан дараад л хоёрдугаар эгнээнд шилжээд зүүн эргэчихлээ. Тэгсэн араас нь өнөөх машины жолооч нэхэж гүйцээд өмнүүр шахаад ороод ирж байна. Манай жолооч ч мөчөөгүй өгсөнгүй “Буух хүн байна уу” хэмээн асуумаар аядаад хаалгаа онгойлголгүй өнөө машины араас нэхэж эргэх дохио өгөөд зогссон түүний ард тулж зогсоод дуут дохиогоо хангилуулав.
Манай автобусны жолоо 50 эргэм насных. Харин нөгөө машины жолооч 20-30 насных аж. Нас намбаа бодсон ч олон хүний амь тээж яваагаа ухамсарласан ч уг нь манай жолооч энэ удаад “шийр” заачих байсан юм.
П... минь гэж хараал урсгахын оронд “Бөгсний загтнаа нь арилаагүй хүүхэд” гэж дотроо “өхөөрдөн” бодоод л цонхоо хаачихгүй. Ерөөс манай автобусны жолооч нарт нээх гоё зангараг дутаад байдаг юм. Том унаатай, түмнээ зөөж яваагаа ухамсарлаж шахаж дайрсныг нь “тэнэг хог” гээд инээгээд өнгөрчихдөг, дохио өгч өмнүүр орох гэснийг зам тавьж өгөөд оруулчихдаг. Өөрөө ч гэсэн энэ үйлдлийг хийхэд хүрвэл аваараа татаад баярласнаа илэрхийлчихдэг. Асар бухимдалгүй нээх тийм гэгээлэг баймаар байгаа юм.
Энэ удаагийнхаа тэмдэглэлийг автобусны жолооч нар хүлээцтэй, тэвчээртэй, хүнлэг байхын хүсэл дэвшүүлээд жаргаая. Хүсэл биелж хараал урсгадаггүй соёлтой, зангарагтай жолооч ах нар олон болох өдөр удахгүй биз ээ.
Нийтлэлч: Түмний нэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ