Хонгконг: Нисэх буудлын ажиллагаа сэргэлээ

Хэсэг хугацаанд саатсан Хонгконгийн олон улсын нисэх буудлын ажиллагаа наймдугаар сарын 13-ны мягмар гаригт шилжих шөнө сэргэж, зорчигчдыг бүртгэж эхлэсэн талаар тус нисэх буудлаас авсан эх сурвалжтайгаар France-Presse агентлаг мэдээллээ.
Энэ нисэх буудал нислэгийн танхимд Хонгконгийн оршин суугчид суулт хийсний улмаас нисэх буудал зорчигчдыг хүлээн авах, онгоц нисгэх үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн баасан гаригт эхлэсэн бөгөөд ням гаригт дуусах ёстой байсан ч цагдаагийнхан жагсаалд оролцсон нэгэн идэвхитэн эмэгтэйн нүдрүү буудсан талаарх мэдээлэл цацагдсны дараа жагсагчид ийнхүү суулт зарласан байна.
Мэдээлэл гарсны дараа олон мянган хүн нислэгийн танхим руу буцан ирж, нисэх буудлын бүхий л орц гарцыг хаан, үйл ажиллагааг нь саатуулсны дээр эсэргүүцэгчдийн ихэнх нь цагдаа нарт буудуулсан эмэгтэйг дүрслэн, нэг нүдээ боож ирсэн гэнэ.
Ийнхүү нисэх буудалд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсны улмаас даваа гаригт 230 нислэг цуцлагдаж байв.
Эргэн сануулахад, Хонгконгд 10 дахь долоо хоногтоо эсэргүүцлийн жагсаал ийнхүү өрнөж байгаа юм. Хонгконгийн оршин суугчид Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг БНХАУ руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагссан. Олон нийтийн шахалт дарамтаар Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байсныхаа төлөө уучлалт гуйж, төслийг хэлэлцэхгүй гэж амласан ч ард түмний дургүйцэл намжихгүй байгаа юм.
Хонгконгийн эсэргүүцэл: Жагсагчид хүч хэрэглэж, БНХАУ сануулга өгөв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ