Онгоц шувуутай мөргөлдөх тохиолдлууд болон түүний шалтгаан 
2019-08-16

Наймдугаар сарын 15-нд Оросын “Уральские авиалинии” компанийн А321 онгоц Москва орчмын Жуковский нисэх буудлаас Симферополь хотыг чиглэн 226 зорчигч, хөлгийн багийн 7 гишүүнтэй нисч яваад, тариалангийн талбайд ослын буулт хийсэн талаа бид өмнө нь мэдээлсэн. 

Онгоцыг талбайд осолгүй буулгасан нь “чадвар бас аз” гэж шинжээчид үзэж байна 


Ийнхүү талбайд буух болсон шалтгаан нь хөөрсний дараахан онгоцны нэг хөдөлгүүрт шувуу орж,  гэмтээсэн гэж Оросын хэвлэлүүдээр мэдээлж байгаа юм. 


Цаг алдалгүй зөв шийдвэр гарган, онгоцыг осолгүй буулгаж чадсан хөлгийн багийн гишүүд болон ахмадыг улсын шагналд тодорхойлно гэж төрийн байгууллагуудаас мэдээлсэн бол олон нийтийн сүлжээгээ экипажийн ахмадыг “баатар” хэмээн магтаж байна. 


Орост онгоц ШУВУУТАЙ МӨРГӨЛДӨХ тохиолдол нэмэгдсээр байна 


Пүрэв гаригт онгоц ослын буулт хийх шалтгаан болсон шувуутай мөргөлдсөн тохиолдол нисэхийн түүхэнд ихээхэн түгээмэл тохиолддог үзэгдэл аж. Тэр дундаа Орост онгоцууд шувуутай мөргөлдсөн тохиолдлууд улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд Оросын нисэх буудлууд энэ тал дээр аюулгүй байдлын түвшин бага гэж агаарын тээвэрлэгчид үздэг аж. 


Оросын Агаарын тээврийн газрын мэдээлснээр, 2018 оны 11 сарын хугацаанд онгоц шувуутай мөргөлдсөн тохиолдол 930 бүртгэгдсэн бол 2017 онд бүтэн жилийн турш 926 бүртгэгджээ. 
Харин 2012-2014 оны хооронд жилд дунджаар 47 тохиолдол гардаг байсан гэнэ. 


Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын мэдэлснээр онгоц шувуудтай мөргөлдсний улмаас ихэвчлэн хөдөлгүүр, далавч гэмтдэг бөгөөд нийт тохиолдлуудын 40 хувьд нь ийм  гэмтэл гардаг бол нүүрэн талын шил, радиолокаторын антенн, онгоцны цонх, гэрэл, арал зэрэг гэмтэх нь ховор байдаг гэнэ. Эдгээрээс хамгийн аюултай нь хөдөлгүүрт шувуу орох (хөдөлгүүрийг эвдэнэ) мөн нүүрэн талын шил мөргөх (бүхээгний битүүмжлэл алдагдана) тохиолдлууд аж.


Шувуу хөдөлгүүрт орсон тохиолдлуудын гурван хувь орчимд нь хөдөлгүүр ажиллагаагүй болж энэ нь асар их санхүүгийн хохирол учруулдаг юм байна. 


Оросын агаарын тээврийн газрын мэдээллээр, хөөрөх, өндрөө авч эхлэх, газардах зурвас руу орох болон газардах үед ихэвчлэн шувуутай мөргөлдөх тохиолдол гардаг гэнэ. 


Хөөрөх үед онгоц шувуутай мөргөлдсөн тохиолдлын ихэнхд нисэгч ослын буулт хийдэг бол 21 хувьд нь нислэгийг зогсоодог аж. 


Ийнхүү шувууд онгоцтой мөргөлдөх тохиолдол бусад улс орнуудаас илүү Орост ихээр гардаг талаар Орсоын агаарын тээврийнхэн удаа дараа сануулдаг гэнэ. 


Оросын Ютейр компанийн мэдээллээр мянган нислэгт тохиох шувуутай мөргөлдөх тохиолдол бусад орноос Орост хэдэн арав дахин их байдаг аж. 


Европоос илүү Оросын нисэх буудлууд, тэр дундаа мужуудад шувуутай мөргөлдөх тохиолдол гардаг бөгөөд энэ нь онгоцн засвар үйлчилгээнд асар их нэмэлт зардал гаргадаг гэнэ. 


Шувууд яагаад онгоц мөргөдөг вэ? 


Оросын томоохон агаарын тээврийн компаниуд нисэх буудлууд дээр шувуунаас хамгаалсан систем хангалтгүй байдаг гэж шүүмжилдэг байна. Шувуунаас хамгаалах нэгдсэн системээс гадна улам бүр хүрээгээ тэлж буй хүн ам суурьшсан газрууд, тэдгээрээс үүсэх хог нисэх буудлуудын хувьд толгойны өвчин болдог байна. 


Тухайлбал, өнгөрсөн онд Новосибирскийн шүүх Криводановскийн хөдөө аж ахуйн зөвлөлийг ахуйн хаягдлын цэгийг устгах шийдвэр гаргаж байв. Ийм шийдвэр гаргасны учир нь Толмачево гэх нисэх буудлын нутаг дэвсгэрийн ойролцоох газарт хөдөө аж ахуйн зөвлөлд хамаарах 44.8 мянган кв.м талбай бүхий хогийн цэгт асар их хүнсний хаягдал байгаа нь шувуудыг сүрэг сүргээр нь татаж байна гэж Прокурорын шалгалтаар тогтоожээ. 


Үүнээс өмнө, 2016 онд “Аэрофлот”-ын Эйрбус 320 оноц Томск-Москва чиглэлд нисч явад хөдөлгүүрт нь шувуу орсны улмаас Томскийн нисэх буудал руу буцахаас аргагүй болж байсан аж. Энэ хэргийн улмаас хэн ч гэмтэж бэртээгүй ч онгоц 12 цаг саатсан бөгөөд улмаар энэ тохиолдлоос үүдэн тээврийн прокурорын газар шалгалт явуулжээ. Улмаар шалгалтын явцад Томскийн нисэх буудалд шувуу үргээх тусгайтөхөөрөмж байхгүйн дээр нисэх буудлын ойролцоо хогийн цэг байсан нь шувуу олноор цугларах нөхцлийг бүрдүүлсэн гэдэг нь тогтоогдсон байна. 


Шувуудыг хэрхэн үргээдэг вэ? 


Шувуудыг үргээхийн тулд нисэх буудлын ойр орчмын мод бутыг устгах, багасгах ажил хийдэг бөгөөд энэ нь шувууд хоолоо олох, үүрлэх боломжийг багасгаж байгаа хэрэг гэнэ. 


Оросын Домодедово, Шереметьево болон Пулково нисэх буудлууд шувууд үргээх төрөл бүрийн арга хэрэглэдэг аж. Петербургийн нисэх буудал дээр хийн буу, гэрэл ойлгогч бөмбөлөг, 50 төрлийн шувуунд түгшүүрийн хашгирааныг дуурайн гаргадаг биоакустик систем ашиладаг байна. Харин Шереметьево  дээр найман төрлийн шувууны түгшүүрийн хашгирааныг гаргах бичлэг бүхий биоакустик төхөөрөмж ажиллуулдаг гэнэ. 


Пулково болон Шереметьево нисэх буудлууд дээр шувууд хоол олох боломжгүй байх бүх нөхцлийг бүрдүүлэхийг хичээдэг гэнэ. Мөн техникийн усан санг шувууд суун, ус уух боломжгүй болгохын тулд тусгай тор татдагийн дээр шувуудын хоол болдог мэргэчдийг устгах “Антикрот” тусгай систем ч ажиллуулдаг юм байна. 


Дэлхийн бусад орнууд ч мөн нисэх буудлаас шувууд үргээх нэгдсэн системгүйгээр өдийг хүрсэн талаар ВВС онцолж байна. АНУ болон Канадад шувуудтай тэмцэхийн тулд нохой, гахай ашигладаг байсны дээр нисэх онгоцны буудал дээр өндөглөсөн шувуудын өндгийг хагалдаг гэнэ. Харин Солт-Лейк”Сити нисэх буудал дээр том шувуудыг барих аргыг хэрэглэдэг бөгөөд жил бүр 300-500 шувуу барьдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин