АНУ-ын пуужингийн улмаас Аюулгүйн зөвлөлийн хурлыг зарлав 
2019-08-21

Дунд тусгалтай пуужин боловсруулах, байршуулах талаарх АНУ-ын төлөвлөгөөтэй холбоотойгоор Орос, Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахаар болсон бөгөөд хурал пүрэв гаригт болно гэж НҮБ-ын дэргэдэх Оросын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дмитрий Полянский мэдэгджээ. 


АНУ 1987 оны Дунд болон бага тусгалтай пуужин устгах гэрээгээр хориотой байсан, цөмийн бус тоноглолтой газар суурьтай далавчит пуужин туршина гэж Пентагон наймдугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн юм.  Энэхүү гэрээ нь наймдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн хүчингүй болсон бөгөөд гэрээнд 500-5500 километр хүртэлх тусгалтай пуужинг хориглодог байв. 


Түүнчлэн, АНУ-ын хуурай замын хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Райан Маккарти мэдэгдэл хийхдээ АНУ өмнө нь дээрх гэрээгээр хориотой байсан тусгалтай, баллистик хошуутай пуужин боловсруулж байгааг онцолсон юм. 


Энэ мэдэгдлийн дараа Оросын ГХЯ туршилтын үеэр Мк-41 хөөргөх төхөөрөмж ашигласанд онцгой анхаарал хандуулсан бөгөөд энэ төхөөрөмж нь “зөвхөн амдах пуужин төдийгүй далавчит пуужин хөөргөх зориулалттай гэдэг нь илэрхий” хэмээн мэдэгдэж байв. 


Эргэн сануулахад, энэ оны эхээр Вашингтон Бага болон дунд тусгалтай пуужин устгах тухай гэрээг Орос урт хугацаанд зөрчсөөр ирсэн хэмээн буруутгаж, гэрээнээс дангаар татгалзаж байгаагаа зарласан юм. Оросыг ийнхүү буруутгасныг Москва удаа дараа няцаасан бөгөөд улмаар долоодугаар сарын эхээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гэрээг дуусгавар болгох хуулинд гарын үсэг зурж байв. 

 

Путин Пуужингийн гэрээг сануулж байх зуур АНУ пуужин туршив 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин