БНАСАУ: АНУ-ын дайсагнасан бодлого явуулж байна 
2019-08-21


АНУ дайсагнасан бодлого явуулж байгаагийн улмаас БНАСАУ батлан хамгаалахаа бэхжүүлэх сөрөг арга хэмжээ авахаас аргагүй болж байгаа талаар Хойд Солонгос мэдэгджээ. 


“Хурцадмал байдал, сөргөлдөөн нэмэгдсээр байвал харилцаа сайжрахгүй, цогц хэлэлцээр, бат бэх энх тайван бий болохгүй” гэж БНАСАУ-ын “Нодон синмун” сонин мэдээлснийг ТАСС агентлаг иш татсан байна. 


Түүнчлэн, АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт дайсагналын нэг илрэл хэмээн БНАСАУ үзэж байгаагаа илэрхийлжээ. 


Ийм нөхцөлд Пхеньян “үндэсний аюулгүй байдалд шаардлагатай хүчирхэг хэрэгсэл боловсруулан туршиж, хэрэглэхээс аргагүй байдалд орж байгаа” талаар мөн онцолсон байна. 


Эргэн сануулахад, өнгөрсөн сарын сүүлээс эхлэн Хойд Солонгос дахин пуужингийн туршилт хийх болсон бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сарын 16-ны өдөр бага тусгалтай пуужин хөөргөсөн юм. 


 

БНАСАУ: Пуужин хөөргөж сануулга өгсөн

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин