Автобус №12: “Энэ жилийн тренд энгийн л уут”
2019-08-28

Гар утас нь, түүнд залгасан чихэвч нь, сэтгэлдээ тээсэн мөрөөдөл, ирээдүйд тэмүүлсэн хүсэл нь ч цоо шинэхэн оюутнууд их хотод минь өнгө нэмсэн энэ сайхан өглөөний мэндийг хүргэе.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Яг нэг ийм л намраар наадмаар гоёсон цэнхэр тэрлэгээ өмсөөд сургуульдаа явдагсан. “Албандаа явлаа даа хүү минь” гэж эмээ хошуу дэвсэж дан дээлнийхээ дотуур хормойгоор аягаа арчаад цай барина. Хавар ирэхдээ л авчирч өгсөн хэдэн чихэрийг хадгалчихсан буцахад өвөртүүлээд л, авчирсан чихэр бид хоёр хамт л буцна. Эмээ өгсөн чихэртэйгээ, сэтгэлээ хүртэл хамт өгчих шиг санагддагсан...

 

Биднийг явахын өмнөх бар өдрийг тааруулж, Санжаа ах унагаа тамгална. Унаган тамганы гурван хул айраг уулгана. "Гүүтэй айлын гүзээтэй хүүхэд" гэж хөөрөгдөж хул хулаар нь айраг сөгнөөд л. Айлын эгч алгирмаадаж хожоод намайг зөндөөн дуулуулдагсан...Аавын жаран ес машины цонхоор харахад гэрийнхээ үүдэнд бүгд намайг даллана. Гүүн зэлэн дээрээс алаг гүүний унага алдуурч харагдана. Цангинатал янцгаагаад эх рүүгээ давхих нь цаанаасаа л нэг явмааргүй санагдуулдагсан....Ай намраа.

 

Өглөө автобусанд таарсан үсээ сүлжсэн, үл ялиг улаа бутарсан хацартай охин “Энэ автобус МУИС орох уу” хэмээн асуусан нь ийнхүү улирч одсон цаг замын аясад мартагдах шахсан дурсамжийг минь сэргээж ажил руугаа биш нутаг гараад давхичихмаар, айлын эгчтэй алгирмаадаж албаар хожигдож айргаар зөндөөн шахуулмаар санагдаж баахан догдлов.

 

Улаанчулуут-МУИС чиглэлийн автобусанд суусан өнөөх охин байсгээд л цонхоор зам харж анхааралтай ажиглан “Одоо хэдэн буудал яваад багшийн дээд хүрэх вэ” хэмээн асуух нь “хөөрхөн”. Би яг л ийм охин оюутан болж хотод ирж байлаа. Сургуулиа олохгүй төөрч арга ядахдаа эцсийн “мэргэн” арга олсон нь таксидах байв. Одоо санах нь 3,4 дүгээр хороолол орчмоос таксинд суугаад “Үндэсний телевиз орьё” гээд яг хотын хүн шиг өөртөө итгэлтэй түгдэрч сандрахгүйг хичээж хэлсэн.

 

Тэгсэн ч жолооч намайг хөдөөнөөс ирсэн  гэдгийг тэр дор нь мэдчихсэн байж билээ. Учир нь би зорьсон газрынхаа эсрэг зүгээс такси барьсан хэрэг. Ингэж будилсаар сургуульдаа очиж их хотын “иргэн” болж байлаа.

 

Баахан дурсамжаар минь бодол дулаацуулсан охин МУИС дээр буугаад олны дунд “уусаад” одлоо. Алтан навчис хийссээр есдүгээр сарын 1 болоход хэдхэн хоног үлджээ. Хичээл сургуулийн бэлтгэл хэдий нь эхэлсэн, хөдөөнөөс хотыг зорих хөл хөдөлгөөн нэмэгдсэн байна. Сэлүүхэн автобусаар бодол тэнүүлж явдаг цаг ард хоцорч, хацраа цонхонд наадаг дүүрэн зорчигчтой цаг эхэлчихэж.

 

- Би ийм цүнх авсан шт. Ямар байна?

 

- Гоё юм аа. Угаасаа энэ жилийн тренд шт наадах чинь. Харин минийх арай хүүхэд шиг загвартай байна уу?

 

- Дажгүй л юм байна шт. Хэдээр авсан юм?

 

- Хямдхаан... гэснээ үнийг нь найзынхаа чихэнд сэмхэн шивэгнэж байна. Олон дундаас өмссөн хувцас, үүрсэн цүнх ерөөс гоё, ганганаараа эрхгүй нүд хужирлах хоёр охин ийн ярилцана.

 

Хоёр охины цүнхийг сонжвол нэг нь энгийн л нэг уут үүрчихэж. Энэ жилийн тренд энэ энгийн л ээжийн хүнсээ цуглуулахдаа бариад гардаг шиг хоёр оосортой уут юмдаг уу. Гадуур л нэг ууттай охид.

 

Харин нөгөө охин нь хоёр үүргэвчтэй, хүүхдийнх шиг цэнхэр цүнх үүрчээ. Тэр цүнхийг чимэж буй нэг зүйл нь “All star” гэсэн бөөрөнхий доторх бичиг ч юм уу. Угаас ийм шошготой пүүзтэй хүмүүс хотын гудамжаар нил. Нэлээн хэдэн жилийн өмнө тренд болоод мартагдах шахаад байсан энэ брэнд хэдэн жилийн өмнөөс эргээд залуусын сонголт болоод буй. Тэгснээ түүн дээгүүрээ үндэсний дээл өмсөөд үүргэвчтэй цүнх үүрчихэж байгаа юм. Тэгэхээр чика харагддаг гэж дүү хэлсэн. Угаас охид хачин дэгжин байхаа больж энгийн, эвтэйхэн хувцаслах моод дэлгэрч байх шиг.

 

Ажлаа тараад хариад ямар хоол хийх тухай асар “хүнд” бодол тээж явдаг надад охидын өмссөн хувцсыг сонжиж, тэдний залуу насны цог жавхаад баахан атаархаж явах нэн таатай санагдана. “Би саяхан л залуу явсан даа” хэмээх бодол эрхгүй төрж нэг их том хүн шиг санаа алдах ч сайхан л юм.

 

Өнгөлөг оюутнуудтай хөл нийлүүлсэн, өнө эртний дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээ эрж хайсан ийм нэгэн өглөө байлаа. Өөр олон сонирхолтой сэдвээр хууч хөөрсөн тэмдэглэлээ удахгүй хүргэнэ ээ.

 

Үргэлжлэл бий...

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин