ХАЛХ ГОЛ-оор аялсан ТЭМДЭГЛЭЛ
9-9

 

Өмнөх: 1. Танака багш

              2. Пан Монголизм ЭНД-ээс

              3. Хоёр хил

              4. Хохирогч нь хэн бэ?  ЭНД-ээс  тус тус уншаарай

 

 

5. Баргын ЭМГЭНЭЛ

 

 

Өмнөх хэсэгт Хөлөнбуйрын баргуудын талаар цухас дурдсан. Баргууд монголчуудын нэг хэсэг. Монголд ихэнхи нь халхууд боловч, Өвөрмонголд цахарууд ч бий, эдгээрээс гадна олон ястнууд Монголд бий.

 

Оросын хувьсгалаас зугтан, Хөлөнбуйрт ирж нутагласан буриадуудыг баргуудын өвөг гэдэг. Монголчуудын нийтлэг ижилсэл нь тэдний хэл. Аялга, үгийн зарим ялгаа бий ч нэгдмэл хэлтэй, нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө амьжиргааных нь суурь юм.

 

Халх голын дайны үед, Зөвлөлтийн бодлогоор явагдсан мал нийгэмчлэх зэргээс болж Монгол Улсын халхуудын амьдралын хэв маягт өөрчлөлт орж байв. Өвөрмонголд хятадууд нутагт нь түрэн орж, бэлчээрийг газар тариалан болгож,  нүүдэллэн аж төрөхөд хүндрэлтэй болж ирэв.

 

 

Баргууд энэ үед харьцангуй чөлөөтэй аж төрж байсан гэдэг. Тэр үед баргууд Манж Го улсын нэг хэсэг болж байсан юм. Манж Го улсын гол үзэл санаа болох “таван үндэстний нэгдэл”  /манж, монгол, хятад, солонгос, япон/ гэгчийг гаргаж ирсэн Япончууд энд ноёрхож байсан ч, монголчуудад давуу эрх олгож байсан. Улс төр, цэргийн эрхийг япончууд барьж байсан ч, аж амьдралын хэв маягийг хадгалан хамгаалах баталгаатай байсан. Халх голын дайн, Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Хятадын коммунист нам гарч ирснээс хойш тэдний удирдлагад орсон баргууд зовж эхэлсэн. Эхэндээ Хятадын коммунист нам монголчуудад автономит эрх олгоно гэж байсан ч, эрх мэдлийг гартаа оруулсны дараа өөр бодлого хэрэгжүүлсэн. Өвөрмонголд хэдэн арван мянган хүн алагдсан. Ял зэм нь юу ч байж болно. Гэвч, хамгийн их тулгаж байсан гэм нь “ японы тагнуул”. Японд явж суралцсан ихэнх шилдэг залуус баривчлагдан хороогдсон юм.  Монголын талаар олон ном зохиол туурвисан алдарт Шиба Рёотаро гуайн орчуулагч, “Тал нутгийн тэмдэглэл” номын гол дүр, Цэвэгмаа гуайн талаар видеогоор үзэж байсан. Цэвэгмаа гуай шиг олон хүмүүс Орос, Манж, Хятад тэгээд  Монгол гэх мэтээр иргэншлээ солин амьдарч ирсэн ба тэднийг тухайн үеийн хүнд бэрхийг даван туулсныг тэндээс ойлгосон. Японоор ярьдаг төдийд Хятадын коммунист нам тагнуул гэж үзэж байсан.

 

Энэ удаагийн аялалд Чойбалсангаас чухал хүн бидэнтэй нэгдэв. Түмэн-Өлзий гэх барга хүн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эцэг эх нь хятадчилагдан байгаа Манжуураас зугтан  БНМАУ-д иржээ. Харамсалтай нь Монголд ирсэний дараа эцэг эх нь “японы тагнуул “ гэгдэн халхчууддаа хороогдсон байна. Мэдээж монгол нь монголоо үзэн ядаж  устгасан хэрэг биш, Монгол Улс тэр үед өөрийн толгойгоор бус, ЗХУ-ын хэлснээр хийдэг байсан. Монголын Ерөнхий сайд нь хүртэл Зөвлөлтүүдэд алуулж байсан цаг үе шүү дээ.

 

 

Түмэн-Өлзийн ах Манж Го-гийн цэрэгт алба хааж байжээ.  БНМАУ-д ирж чадсан боловч, эцэг эхийн хамт алагджээ. Бага балчир байсан Түмэн-Өлзий гуай л амь гарсан байна. Хятадад үлдсэн ч, Монголд зугтан ирсэн ч японы тагнуул хэмээн хороогдох тийм л хувь заяа баргуудад оногдох нь яг там шиг байж. Номунханы дайнд эрсэдсэн хүмүүсээс энэ дайны өмнө ба хойно Зөвлөлт болон Манж Го-Япончуудад алагдсан монголчуудын тоо хавьгүй илүү юм. Өмнө бичсэнчлэн, Халх голын дайны өмнө алагдсан хүний тоо дайнд үрэгдсэнээс 100 дахин илүү бол дайнаас хойш ч олон халх, барга хүмүүс хороогдсон гэж бодно. Социалист Монгол Улс дахь хэлмэгдүүлэлт, Өвөрмонгол дахь монголчуудыг хороосон зэргийн цаана “Пан Монголизмыг зогсоох”, “Гурван монгол нэгдэхийг хорих” гэсэн Орос, Хятадын баримтлал байсаар байсан.

 

Халх голын аялалаар, хоорондоо дайтсан монгол, япон хүмүүс хамтдаа энх тайвнаар харилцаж байгаад баярлахын хамт, хүнд бэрхийг туулсан баргуудын төлөөлөл хамт явсанд талархаад баршгүй.

 

 

Түмэн-Өлзий гуайд ярих зүйл их байсан нь мэдээж. Бидэнтэй аялалын эхнээс дуусан дуустал тун эелдэг инээмсэглэн харилцаж байсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн. Дашрамд дурдахад, тэрээр хүнд хэцүүг туулсан ч, эрдэм номд шамдан, хожим Дорнод аймгаас Ардын Их Хуралд хүртэл сонгогдож байсан гэнэ. Энх тайван гээчийн чухалыг чухам биеэр мэдрэх шиг болсон.

 

Үргэлжлэл бий...

Тазаки Масами

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ самуурай бидэнд яаж амьдрах ёстой байсныг заах гээд байна уу. Хэрэв танай Япон ялсан бол бид өнөөдөр Хятад болчихсон,Та тусгаар Монголын нутгаар чөлөөтэй зугаалаад биднийг шүүмжлээд явж чадахгүй л байсан даа.
2019-09-09
irgen:
tiim shyy, tyyh hezyy..end zov yarij baina mongolchuud mongolchuudaa bish ter yeiin toriin bodlogo hezyy baisan ye, toriin saihan hymyys maani ch aluulj baisan
2019-09-09